ФОТО: Хүйтэнд дулаан алдахгүй, хуурай халуун улиралд галд өртөхгүй байх боломжит гэр, байшингийн шийдлийг танилцуулав

0
p02gr7_1O8A2629_x974

“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд маргааш хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэр, байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байлаа.

Хүйтний улиралд дулаан алдахгүй, хуурай халуунд галын аюулд өртөхгүй байх боломжит гэр, байшингийн шийдлийг оролцогч байгууллагын төлөөллүүдээс тодрууллаа.

“Галд шатдаггүй хөөсөнцөр хавтан нь эрсдэлээс хамгаална”

“Пирамид Индастри” ХХК-ийн менежер Ч.Золбоо “Гадна фасадын зориулалттай дулаалгын хөөсөнцрийг танилцуулж байгаа.

Дулаанаа хадгалах чадвар энгийн цагаан хөөстэй адилхан. Гэхдээ галд шатдаггүй хөөсөнцөр хавтан гэдгээрээ онцлог.

Бусад энгийн цагаан хөөсөнцрийн хувьд гал амархан авалздаг шүү дээ. Ийм эрсдэл гарахгүй. Ингэснээр аюулгүй байдалд санаа зоволтгүй болно” гэлээ.

“Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй байшин барих нь агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэртэй”

“Монгол Базальт” ХХК-ийн борлуулалтын менежер Б.Энхсайхан “Урин дулаан орж буй энэ цаг үед гэр, байшингаа зөв дулаалгын материалаар стандартын дагуу дулаалах нь олон талын ач холбогдолтой.

Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй байшин баривал мөнгө санхүүгийн хувьд нэмэлт зардал гаргахгүй. Үүнээс гадна агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг.

Утааг бууруулах хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт иргэд өргөнөөр ирж оролцоосой. Шаардлагатай мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй авч, гэр байшингийнхаа дулаалгын материалыг зөв сонгох боломжийг олгож байна.

Манай улсад сэрүүн улирал 8-9 сар үргэлжилж байна. Тиймээс дулаан тусгаарлагч материалаар битүүмж сайтай, дулааны алдагдалгүй байшин барих нь хамгийн чухал.

Сүүлийн үед хүмүүс пассив технологи, пассив хийцлэлийг илүүд үзэж байна. Үүнд тулгуурлан байшингийнхаа үндсэн хийц буюу 30 сантиметр зузаан базальт чулуун дүүргэлттэй пассив панел технологийг хэрэглэгчдэд танилцуулж байгаа” гэв.

“Пассив байшин өөрөө ухаалаг учраас нарны хавтан дулаалгын ажлыг хийнэ”

Пассив хаусийн талаар “Пассив байшин өөрөө ухаалаг учраас нарны хавтан дулаалгын ажлыг хийнэ гэсэн үг.

Жишээлбэл бидний танилцуулж буй байшин 40 сантиметр дулаалгатай. Ийм учраас доторх загаснууд өвлийн улиралд ч хөлдөхгүй.

Мөн урагш харсан цонхоор нарны энергийг шууд оруулж ирнэ. Цонх учиргүй том байх албагүй. Энэ цонх тусгай ойлгогч түрхлэгтэй, гурван давхар шилэн багцтай. Тэр түрхлэг нь дулаан долгионыг ойлгодог. Дулаан долгионыг ойлгож дотор нь түгжиж өгдөг түрхлэг бий.

Ийм пассив цонхнуудыг компаниуд хийж байгаа. Мэдээж шилэнд үзэгдэх гэрлийг оруулна, харууц сайтай байна” хэмээн хэллээ.

“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөгийн үеэр “Хуурай жорлон”, “Ухаалаг жорлон”-гийн шийдлийг ч танилцуулж байсан юм.

Энэ талаар “Даймонд цент” компанийн менежер С.Билэгбаатар “Үнэр гаргахгүй бордоо болгодог жорлон нь маш бага хэмжээний ус зарцуулдгаар давуу талтай.

Ухаалаг жорлон нь нэг удаад 500 грамм ус хэрэглэнэ. Нүх ухаж суурилуулах, төвлөрсөн дэд бүтэцтэй холбох шаардлагагүй. Яагаад гэвэл ашигтай бичил биетийн тусламжтайгаар ялгадсыг бордоо болгоно гэсэн үг.

Бактериар задалж байгаа учраас лаг үүсгэхгүй, ялзмаг болно. Үнэрийг салхивчны хоолойгоор дээш сороод авчхаж байгаа учраас үнэр гарахгүй, ялаа шавахгүй.

Хоёр өөр технологийн жорлон байна.

Дээр тайлбарласан нь ус ашигладаг. Ингэхдээ маш бага хэмжээний усаар онгоцны жорлон шиг нэг удаад 500 грамм усыг сорж авч байгаа гэсэн үг.

Дараагийнх нь хуурай, үртсэн дээрээ амьд бактериа хийгээд бие засах боломжтой. Таг хаагдахад энэ жорлон ажиллаж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл модны үртэс ашигтай бичил биетний холимог бүхий бордоошуулагчийн тусламжтайгаар өтгөн ялгадсыг ялзмагжуулан бордоо болгодог. Ус хэрэглэдэггүй хуурай жорлон” гэв.

Эх сурвалж: ikon.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *