Төрийн албанд мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг Ерөнхий аудитороор дэмжиж байна

Төрийн албандаа бол генерал хүртэлх бүх цол, хэргэмийг хамгийн доод шатнаас нь өгсөж, өөрийн туршлагаа хуримтлуулж ажилласан, төрийн удирдлагын мэргэшсэн, жинхэнэ албан тушаалтан учраас Үндэсний аудитын газрыг толгойлоход шалгуур хангасан байна гэж нэр дэвшигч С.Магнайсүрэнг Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжжээ.
Нөгөө талаас Ерөнхий аудитороор ажиллах хүн хараат бус бие даасан шийдвэрийг гаргадаг байх ёстойг ч санууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Заяабал төрийн албаны бүх шатанд ажилласан туршлагатай хүн Үндэсний аудитын газрын даргаар ажиллах нь чухал гэдгийг онцлоод, төрийн байгууллагуудыг засч залруулах боломжийг урьдчилж олгодог болох, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх гэх мэт саналуудыг оруулж ирсэн нь зөв гэлээ. Мөн УИХ-ын гишүүн З.Мэндсайхан “аудитын байгууллагыг аргална” гэсэн яриа алга болгоход анхаарч ажиллахыг хүсэв.
УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг нээлттэй зохион байгуулжээ. Нэр дэвшигч С.Магнайсүрэн нь их сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлж, УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн даргын албыг хашсан туршлагатай юм. Харин сүүлийн арван жилд Монгол Улсын гурван ч яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ.