Ж.Энхжаргалангийн удирддаг Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК өөрөөс нь гадна нэг л ажилтантай

0
enhjargalan-1 (1)

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэсэн байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон тухай бид бичиж байсан. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг л хуваарилсан байдаг. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.

Дээрх асуудлуудад үндэслэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай гэдэг үндэслэлээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 100 хувь нийслэлийн эзэмшилд авсан.

Ингээд захирлаар нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг томилсон. Баяр наадам ч дөхөж, засварын ажлууд хийгдэж өмнөхөөсөө өөрчлөгдөж, өнгөө зассан. Хамгийн том шинэчлэл бол есөн жил солиогүй байсан ногоон зүлгийг сольсон явдал байв. Гэсэн ч асуудал дагуулж, одоог хэр нь сэдэв хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажлыг шүүмжлэх хэсэг ч бий болов. Мөн Ж.Энхжаргаланг хувийнхаа компанийн ажилчдыг авчирч ажиллуулж байна. Өмнө нь байсан зарим ажилчдыг ажлаас нь халсан гэх асуудал ч хөвөрсөн.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хоёр ажилтантай гэж бүртгүүлсэн байдаг гэх. Тодруулбал, Удирдлагын багт Ж.Энхжаргалан захирлын статусаар, харин захиргааны албанд Архив, бичиг хэргийн ажилтан статусаар О.Дуламжав гэсэн хоёр хүн л бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл байна. Харин дата мэдээллийн сан зэргээс шүүж харвал шилэн дансаа огт хөтөлдөггүй эл компанийн бүтэц, орон тоо мөн л тодорхой биш байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *