Хэргийн мөрөөр: Тагтнаасаа унасан А.Төмөрийн эхнэрийн гэрт хүн нэвтэрсэн, тэмцэлдсэн шинж байгаагүй

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү А.Төмөрийн гэргий Л.Орхон Бангкок хотод нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт /2025.05.13/ гарсан.
Талийгаач 17 давхар орон сууцны барилгаас унасан бөгөөд хэргийг өдгөө Бангкок хотын Тонглорын цагдаагийн газар шалгаж буй.
Харин Монгол Улсын ГХЯ-нд энэ талаарх мэдээлэл ирсэн хэдий ч гэр бүлийн хүсэлтээр гэх шалтгаанаар хэмээн учирлаж, мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм. Мөн хэргийн талаар мэдээлсэн Тайландын хэвлэлүүд мэдээллээ устгаж эхэлжээ.
Иймд монгол эмэгтэй гадаадад амиа алдсан энэ харамсалтай хэргийн талаар тал талын эх сурвалж ашиглан олдсон мэдээллүүдээ нэгтгэн хүргэж байна.
Ойлгомжтой болгох үүднээс холбогдох үйл явдлуудыг дэс дараатай хүргэе.
Нэгдүгээр хэсэг: Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн хүү А.Төмөр гэргий Л.Орхон нар юу хийдэг байсан бэ. Тайландад хэзээ очив?
- Элчин сайд А.Төмөрийн аав нь Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа. Ж.Амарсанаа нь Монгол Улсын гавьяат хуульч, академич, профессор ба хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалсан нэртэй нүүртэй нэгэн. Түүнийг 2012 онд Үндсэн хуулийн цэцийн даргаар томилж, 2016 онд Ж.Амарсанааг эргүүлэн татах тухай асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж, огцруулсан. Гэхдээ энэ нь УИХ-ын дарга З.Энхболдын хууль бус хэлмэгдүүлэлт гэх шүүмж их байдаг.
- Харин түүний хүү Р.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байна. Сүүлд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2020 онд анх удаа дипломат албан тушаалд томилогдож Тайландын Хаант Улсыг зорьж байжээ. Ингээд тэндээ тав дахь жилдээ элчин сайдаар ажиллаж байгаа юм.
- Харин түүний гэргий талийгаач Л.Орхон нь Тайландад нөхрийн хамт амьдарч байсан бөгөөд тус хотдоо сайн нэртэй нэгэн байжээ. Талийгаач нь Нортхэмптоны их сургуульд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр магистрын зэрэг эзэмшиж байсан. Тэр Монголын соёлыг олон улсад сурталчлах, хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажилладаг нэгэн байсан. Мөн “Thai Silk Road to the World” зэрэг олон улсын арга хэмжээнд Монголын төлөөллийг зохион байгуулж оролцуулж байжээ. Талийгаач “Элчин сайдын эхнэр гэдэг асар чухал үүрэг хариуцлага байдаг. Тайланд хүмүүсийн зочломтгой найрсаг зан чанарын ачаар мартагдашгүй үнэ цэнтэй цаг хугацааг өнгөрүүлж байгаа хэмээн Тайландын “Elite Plus” сэтгүүлд ярилцлага өгч байжээ.
Хоёрдугаар хэсэг: Болсон хэрэг явдал
Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон энэ сарын 9-ний /2025.05.09/ шөнийн 1:09 цагт Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэхүү болж өнгөрсөн харамсалтай хэргийн талаар хэд хэдэн сайт, сонин өөр өөр байдлаар мэдээлжээ.

Орон сууцны хорооллын 17 давхраас унасан эмэгтэй барилгын дөрвөн давхрын террас дээр унасан бөгөөд нөхөр нь хамгийн түрүүнд олж очиж анхны тусламж үзүүлэхийг оролдсон байна. Энэ үеэр барилгын нэг давхарт ажиллаж байсан хамгаалалтын ажилтан дөрвөн давхраас хүн тусламж дуудахыг сонссоноор гарч очих үед эмэгтэй усан сангийн дэргэд ухаангүй. Харин нөхөр нь түүний хажууд уйлж байжээ.
Хамгаалагч эмнэлэг шуурхай дуудсан ч эмэгтэй тусламж авч чадалгүй нас барсан байна. Харин хэргийн газар цагдаагийн алба хаагчид ирэхэд Самитивж эмнэлгийн яаралтай тусламжийнхан аль хэдийн газар дээр нь ирсэн байсан аж. Эмнэлгийн ажилтнууд түүнийг газар дээрээ нас барсан гэж үзжээ.
Гуравдугаар хэсэг: Цагдаагийн шалгалтын ажиллагаа
Цагдаагийн байгууллагаас уг үйл явдлыг талийгаачийн сэтгэл санааны хямралтай холбоотой байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд нарийвчилсан мөрдөн байцаалт үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд одоогоор хамгаалалтын ажилтнууд болон барилгын ажилчид, оршин суугчдаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгаж байгаа юм.

Мөн мөрдөн байцаагчид эмэгтэйн үсэрсэн 17 давхрын өрөө, тагтыг шалгаж үзэхэд гаднаас хүчээр нэвтэрсэн болон тэмцэлдсэн шинж тэмдэг илрээгүй байна. Иймд ойр тойрны гэрчүүдээс мөн мэдүүлэг авч байгаа аж.
Дөрөвдүгээр хэсэг: Хэргийн талаар ГХЯ болон ар гэрийнхэн нь мэдээлэл өгөхөөс татгалзсан. Мөн Тайландын хэвлэлд гарсан мэдээллүүд устав.
Дээрх харамсалтай хэрэг гарсан талаар Khaosod English сайт, Thai Examiner сонин, Stay in Thailand пэйж болон бусад хэд хэдэн хэвлэл мэдээлсэн боловч нэг хонгийн дараа мэдээллээ устгасан байдалтай байна.
- Харин Монгол Улсын гадаад харилцааны яамнаас хэргийн талаар мэдээлэл ирсэн эсэхийг тодруулахад, “Ар гэр нь дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон биднээс тус үйл явдлын талаар мэдээлэхгүй байхыг хүссэн. Тухайн иргэний нас барсан шалтгаан одоогоор тогтоогдоогүй” гэсэн юм.
- Мөн талийгаачийн ар гэр буюу төрсөн эгч нь өөрийн цахим хуудсаар дамжуулан “Л.Орхон маань золгүй байдлаар, гэнэтийн нөхцөлд биднээс явсан. Гашуудлын энэ хүнд үед гадуур худал мэдээлэл гарч байгаа нь нөхөр гурван хүүхдийнх нь зүрхийг дахин шархлуулж байна. Үнэн цаг хугацааны явцад тодорхой болно” гэжээ.
Мөн талийгаач Л.Орхоны оршуулах ёслол Тайланд Улсад болж байна.
Ашигласан эх сурвалж: Khaosodenglish, teakdoor