Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна

0

Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиодог.
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр хөгжлийн дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам болдог. 
Mонгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 оны 5 дугаар сарын 13-нд нэгдэн орсон. 
Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг. 

Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засагдах нөхцөл бололцоотой болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий.

Монгол Улсад 2016 оноос цусны хатаасан толбонд дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх скрининг шинжилгээг дэлхийн жишиг стандартын дагуу нэвтрүүлэн, 68’000 гаруй нярайд 2-7 төрлийн эмгэгээр скрининг шинжилгээ хийж, 150 гаруй нярайг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт үедээ эндэхээс сэргийлж чадсан. 
Мөн Xөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475, А/812 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал”-ын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдийг илрүүлэн, холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын  салбар комиссуудын мэдээгээр  2024 оны байдлаар улсын хэмжээнд 14.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. 
Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг 2025 онд Дэмжих төвийн хөгжүүлэх үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *