Олны танилаар туг тахиж, гол наймаалагчдыг барилгүй явсаар монголд хар тамхины хэрэглээ нэмэгдэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр /2025.05.14/ хуралдаж, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.
Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлсэн үг анхаарал татав.
Тэрбээр, “Дандаа хар тамхи хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж том гэмт хэрэгтэн мэт харагдуулдаг. Хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг шоронд л хийгээд байвал буурна гэж бодох нь том андуурал” гэсэн.
Энэ нь ч үнэний ортой. Өнгөрсөн хугацаанд хар тамхины хэргийн нэг ч том зохион байгуулагч баригдаагүй. Харин хар тамхины хэрэгт холбогдсон олны танил эрхмүүдийн хэргийг бичвэл далай болно. 2017-2024 оны хооронд “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгээс эхлээд Morningstar, Б.Амархүү, Roockie, Don dior гэх зэрэг 10-аад дуучин жүжигчин Б.Энхтүвшин нарын зарим жүжигчид хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож, ял авч байжээ.
Харин статистикаар мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдол энэ эхний дөрвөн сарын байдлаар 82 бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн онд нийт 252 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 2023 оноос 5.9 хувиар өссөн үзүүлэлт.
Эндээс харахад, бараг л жил бүр гурваас дээш олны танил эрхмийн хар тамхи хэрэглэсэн хэргийг дуулиан болгож баривчлаад анхааруулга мэдээлэл явуулдаг. Гэсэн хэр нь ард нь байх зохион байгуулагч, борлуулагчдаас барьж хорьсон мэдээлэл байхгүй. Үүний үр дүнд хар тамхи хэрэглэх тохиолдол ч жилээс жилд нэмэгдсэн дүр зурагтай байна