З.Батырбек: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид бусдын боломж, хүсэл мөрөөдлийг хулгайлсан
Хөгжлийн банк гаднаас хүүтэй бонд авч, зээл өгсөн тул эх үүсвэрийн зардлыг нэхэмжилсэн дүнд багтаажээ. Тус банкнаас Шинэ Яармаг төсөлд 50 сая ам.доллар олгохдоо ТУЗ шийдвэр гаргасан. Энэ зээлийн хувийн хэрэг дэх материалыг танилцуулав. Төслийн хэрэгжүүлэгч нь “Нью Яармаг хаузин прожэкт” компани юм. Толгой компани “Юнайтэд прожэкт” энэ төслийг хэрэгжүүлэхдээ БНХАУ Экзим банкнаас 195 сая ам.долларын зээл хүссэн. Тус банк Засгийн газрын баталгаа шаарджээ.
2015 оны Засгийн газрын тогтоолоор орон сууцны хороолол барихад шаардлагатай, 50 хүртэл сая ам.долларын зээл олгохыг Төрийн орон сууцны корпорацад (ТОК) зөвшөөрчээ. Гэхдээ БНХАУ-ын Экзим банк зээл олгосон нөхцөлд л Хөгжлийн банк мөн зээл олгохыг зөвшөөрсөн байна. Ингээд Хөгжлийн банкнаас ТОК руу 50 сая ам.долларыг битүүмжтэйгээр, зургаан сарын хугацаа өгч, жилийн найман хувийн хүүтэйгээр хоёр банкны данс руу шилжүүлжээ. Гэхдээ хятадын банкны шаардлагыг өнөөг хүртэл хангаагүй.
Иймд ХБ-наас битүүмжтэйгээр буюу шууд захиран зарцуулах эрхгүйгээр авсан 50 сая ам.доллараа барьцаалан 18 тэрбум төгрөгийн зээл авчээ. БНХАУ-ын банкнаас 6 сарын дотор зээл авахыг Хөгжлийн банк анх шаардсан боловч энэ хугацаа дуусахад ХБ-ны удирдлагууд хугацааг нэг жилээр сунгасан байна. Энэ хугацаа дуусахад Голомт банкан дахь 25 сая ам.долларыг эргүүлэн татжээ. Харин ХХБ дахь дансанд нь байршуулсан 25 сая ам.доллараас ердөө хоёр сая ам.долларыг л төлжээ. Энэ маргааныг 6 шатны шүүхээр хэлэлцжээ. Одоо үнийн дүн 28.8 сая ам.доллар болж өссөн байна. Шүүх энэ мөнгийг ТОСК, “Нью Яармаг хаузин прожэкт” компани төлөх үүрэг ногдуулжээ.
2019 оноос өнөөг хүртэл Хөгжлийн банк энэ мөнгөө авч чадаагүй байна.