ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖИЙГ ГУРВАН САРААС ДЭЭШ ХУГАЦААНД ТӨЛӨӨГҮЙ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ НЭН ДАРУЙ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЛЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс 2025 оны I улирлын байдлаар Нийслэлийн хэмжээнд тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судалсан байна.
Зөрчлийн тухай хуулиар тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй бол хүүхдийн эрхийн зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Судалгаагаар ахлах шийдвэр гүйцэтгэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй зөрчилд хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулдаггүй нь тогтоогджээ.
Тухайлбал: Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй 6236 хэргээс 3382 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлдөг бол 2854 тэтгэлэг төлөгч хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүхдийн тэтгэмжийг сар бүр төлөөгүй 1822 төлбөр төлөгч байгаагаас 51 хувь буюу 935 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх ажиллагаа явуулаагүй, 25 хувь буюу 460 төлбөр төлөгчийн хөрөнгөөс суутгал хийх боломжгүй, 14 хувь буюу 264 оршин суугаа газрын хаягийг өөрчилсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа, 8 хувь буюу 133 төлбөр төлөгч хорих ял эдэлж байгаа, 2 хувь буюу 30 төлбөр төлөгч Монгол улсын хилээр гарсан байна.