Шинэ Засгийн газар бүрдүүлэх бол яамдын тоог цөөлж, бүтцүүдээ хумь

Засгийн газраас “хөөгдөхөөр болсон” АН-ын сайд нарын суудлыг хүлээгсэд олон. Нөгөө л хэдэн улстөрчид буюу дараагийн ээлжийнхэн “хоолондоо” орохоор зэхэж байгаа. Хамтарсан Засгийн газар бүрдээд 200 ч хонож амжаагүй, АН, ХҮН намынхан халаа сэлгээ хийж бужигнуулаад удаагүй.
Ямартай ч, Шинэ Засгийн газар бүрдүүлэх бол яамдын тоог цөөлж, бүтцүүдээ хумь.
Манай улсын түүхэн дэх хамгийн цөөн буюу зургаан яамтай байсан тохиолдол нь 1990 онд байгуулагдсан Улсын Бага Хурлын анхны ардчилсан Засгийн газар аж. Харин хамгийн олон буюу 18 яамтай байсан нь 1996-2000 оны хооронд байгуулагдсан Засгийн газар юм.
Л.Оюун-Эрдэнээс өмнөх У.Хүрэлсүхийн Засгийн газрын яамдын тоо 16, сайд нарын тоо 17 байв. Л.Оюун-Эрдэнэ хамтралгүй Засгийн газрыг удирдахдаа 12 яам 21 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулсан. Харин 2024 онд хамтарсан Засгийн газраа байгуулахдаа 16 яам 23 сайдтай болгож, улмаар МАН-аас 13, АН-аас найм, ХҮН намаас хоёр гишүүнийг сайдын суудалд суулгасан билээ. Зарим Яамдыг шинэ нэршилтэй болгож, яамгүй зургаан ч сайдын орон тоо гаргаж өгсөн. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай манайдаа бол хэтийдсэн тоо гэдэг шүүмжлэл хүртсэн.
Яамдаас гадна бүтцүүд асар их тэлсэн. Жишээ нь, Төрийн өмчит компаниудад Бүтээмжийн болоод Хяналтын менежер нэршлээр 400 гаруй томилгоо хийгдэхээр энхээсээ сандал суудалдаа суугаад байлаа. Гурван намын улстөрийн томилгоо хүрээ хязгаараа тэлсэн. АН, ХҮН намынхан чамгүй олон хүнээ ажил, албан тушаалтай болгоод амжсан юм. Шахааны зөвлөх, орлогч, дэд, газар хэлтсийн дарга нараар дүүрсэн нь үнэн. Тэлэхийн хэрээр Төрийн хэмнэлтийн тухай хууль мартагдсаар, лоозон төдий болсоор байв.
Ингэж тэлсэн бүтцүүд өдгөө хэрхэх вэ гэдэг нь анхаарал татах асуудал мөн. Ямартай ч иргэд
- Яамд, сайд нарынхаа тоог цөөлөх, тэлсэн бүтцүүдээ хумих,
- Иргэд, ААН-ийн нуруун дээрх элдэв татвар, НДШ-ээ багасгах,
- Хувийн хэвшлээ дэмжих, бизнесийн орчныг сайжруулах
агуулгад ихээхэн анхаарал хандуулж байгааг анхааруулъя.