Ж.Алдаржавхлан: ХУД-ийн шинэ сургуулийн үлдэгдэл санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд тавьж өгөхөд анхаарна

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон нийслэлийн холбогдох албаныхан ХУД-ийн 23-р хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Тус дүүргийн 23-р хороо нэг ч улсын сургуульгүй бөгөөд хоёр буудлын цаана байрлах 34-р сургуульд хүүхдүүд хичээллэдэг байна. Тиймээс тус хорооны эцэг, эхчүүд шинэ сургуулийн барилгын ажлыг хурдлуулж, үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-Хан-Уул дүүргийн 23-р хороо Яармагт баригдаж байгаа улсын ганц сургуулийн барилгын ажилтай танилцаж байна. Энэ сургуулийн барилгын ажил 2024 онд эхэлсэн. Барилгын ажил графикийн дагуу явагдаж байна. Тус сургуулийн барилга 18 тэрбум төгрөгөөр баригдана. Гэтэл энэ онд нийслэл дээр 6 тэрбум төгрөгийн санхүүжилт тавьсан байна. Барилгын компанийн зүгээс 11-р сард ашиглалтад оруулах гээд зорьж өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм байна. Харин одоо нийслэлээс олгох төсвөө нэмэгдүүлж, барилгын ажлаа дуусгах шаардлагатай байна. Нийслэлийн төсөвт тус сургуулийн барилгын зардлыг шийдэхэд анхаарч ажиллана гэв.