Ж.Хатанбаатарын ойрын эх сурвалж: Бид өмч хураадаг, хүн хэлмэгдүүлдэг хуучин нийгэмдээ амьдарсаар л байгаа юм уу

Ардын эмч Ж.Хатанбаатараар нэрлэгдсэн элэгний эмнэлэг Монголд үйл ажиллагаа явуулаад 30-аад жилийн нүүр үзээд төрийн буулганд дарагдав. Уламжлалт эм эмчилгээнд суурилсан энэ эмнэлэг болон харьяа сувиллаар нь эмчлүүлж эдгэрсэн хүний тоо хэдэн мянгаар тоологдох байх. Харин өнөө Элэгний гэх эмнэлэг, “Богд уул” сувиллын газрыг нь нийслэлийн өмч гэсэн нэрийн дор хотын мэр Х.Нямбаатар хурааж аваад зогсохгүй ардын эмчийг хойшлуулшгүй ажиллагаа нэрийн дор хамт ажиллаж байсан зарим хүний хамт баривчилжээ. Үүнтэй холбоотойгоор Ж.Хатанбаатар эмчийн талаар сайн мэдэх ойрын эх сурвалжаас зарим зүйлийг тодрууллаа.
-Элэгний хэмээн алдаршсан, Ардын эмч Ж.Хатанбаатарыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилжээ. Уламжлалт анагаах ухааны аргаар өвдөж зовсон олон хүнийг хүнд өвчнөөс нь салгаж, өдийг хүрсэн энэ хүний талаар Танд хэлэх зүйл юу байна вэ?
–Бүр 1980-аад оны үеэс уламжлалт эмчилгээ хийж, зон олныхоо төлөө зүтгэсэн хүн шүү дээ. Тэр үеэс л Ж.Хатанбаатар гэдэг хүн элэгний дагнасан эмнэлэг байгуулаад уламжлалт анагаах ухааныг ашиглаж, өвдөж зовсон хүмүүсийг эмчилж эхэлсэн байдаг. Түүнээс хойш өдийг хүртэл хэчнээн хүн эмчлүүлж эдгэрснийг багцаалах аргагүй, тоогоо алдсан. Зөвхөн элгээр дагнасан уламжлалт анагаах ухааны эмнэлэг байгуулаад түүнийгээ хувьчлалаар байр савыг нь авах гэж хууль ёсны дагуу хөөцөлдөж, бас хэдэн жилийн нүүр үзсэн байх. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, хувьчлал нь хэд хэдэн удаа хойшилсон байдаг. Үнэндээ бол улс төрийн наана, цаана татаас байхгүй ном журмаар нь явсаар байгаад ирсэн хэрэг.Нэгэнт өөрийн өмч болгож амжаагүй болохоор гэрээгээр менежментийн хувьчлалд оролцож байгаа шүү дээ. Тэгээд менежментийн хугацаа нь дуусч гэрээний дагуу хувьчилж авах болонгуут нь төрийн нэр дор булааж авч байгаа байхгүй юу. Дээд шүүхээс шийдвэр нь гараад эд нарыг авах ёстой гэсэн ч Нийслэлийн Засаг дарга нь өмчөө авна гээд л эрх мэдлээрээ далайлгаж булааж авсан асуудал. Уг нь бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Үүний цаана маш олон хүний амьдрал ахуй хөндөгдөж, хохирч байгаа юм. Тэр эмнэлэг, сувилалд ажиллаж байсан асрагч, сувилагч, эмч нараас эхлээд хэчнээн гэр бүлийн амьдрал асуудал хүндэрч байгааг хэлэхэд бэрх.
-Эмийн үйлдвэрийг нь хүртэл буулгасан гэл үү?
-Ер нь бол элэгний эмчилгээнд европ гэхээсээ ардын уламжлалт арга илүү үр дүнтэй байдаг гэдгийг олон хүн хэлдэг. Тэр ч утгаараа Ж.Хатанбаатарын эмнэлэгт ханддаг үйлч-лүүлэгчид нэмэгдэж, эдгэрэн гарсан хүмүүс ч олон байдаг юм билээ. Эмийн үйлдвэрийн тухайд тэр ардын уламжлалт эмийг бэлтгэхийн тулд бутлуур их ашигладаг. Тэр чинээгээрээ дуу чимээ ихтэй. Мөн янз бүрийн ургамал ордог учраас маш содон хурц үнэртэй. Тийм болохоор эмнэлэгтэй нэг дор байх боломжгүй юм билээ. Удаан хугацааны туршид хэрэглэх заалттай европ эмийг бодвол уламжлалт монгол эм түргэн үйлчилгээтэй, монгол хүний биед дасан зохицох магадлал нь өндөр болохоор элэгний асуудалтай хүмүүс их авч хэрэглэдэг, тэр хэрээрээ олон мянган хүн эдгэрсэн гэдэг судалгаа байдаг юм билээ. Ийм сайхан ач тустай эмнэлэгт байгуулаад олон түмэндээ үйлчлээд явж байхад нь төрийн төмөр нүүрийг үзүүлж байгаа нь ямар учиртайг мэдэх юм алга. Бид чинь нөгөө өмч хураадаг нийгмийн үед амьдарч байгаа хэрэг үү.
-Эмнэлгийн газрыг нь аваад бас л дуудлага худалдаагаар газрыг нь зарах байх даа?
-Түүнийг сайн мэдэхгүй байна. Юутай ч тэр үедээ Хүүхдийн эмнэлэг байгуулна гэсэн яриа байсан. Тэгээд л таг чимээгүй болсон. Миний бодлоор бид чинь ардчилсан нийгэмд амьдраад 30 гаруй жил болж байгаа санагдах юм. Хүний өмчид халдаж буй байдал, хүнтэй харьцаж байгаа чиг хандлагыг нь харахаар ардчиллын үнэт зүйлээс ухраад л байх шиг. Эргээд хуучин руугаа алхах гэж байгаа юм уу хаашаа юм бэ, ойлгохоо болилоо.
-Та Ж.Хатанбаатартай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Сэтгэл санааны байдал нь ямархуу байна. Болсон процессын талаар тантай ярьж байсан уу?
-Би түүнтэй ойрын хуга цаанд уулзаагүй ээ. Баривчлагдчихсан байгаа хүн шүү дээ. Харин сая (өчигдөр) эхнэртэй нь ярилаа. Сэтгэл санаа нь тун хүнд, хямарсан байдалтай байна лээ. Ж.Ха-танбаатарын жолоочийг нь хүртэл баривчилсан гэсэн.