Машины татварыг багасгуулах хүлээлт талаар болов

0
zi5nwz_1O8A7255_x974

Машиныхаа татвар, зам ашигласны төлбөрийг төлөх эсэхээ шийдэж ядаж буй хүмүүст дуулгах таагүй мэдээ байна. Нийслэлд 718 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний цаана 331.791 татвар төлөгч бий. Энэ хүмүүсийн төлөх татвар Нийслэлийн автозамын санг бүрдүүлдэг.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид 5-р сарын 31-нд багтан, машиныхаа татвар, зам ашигласны төлбөрөө төлөх үүрэгтэй. Гэвч үүнийгээ төлөх эсэхээ шийдэж ядан эргэлзэж буйн шалтгаан нь Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэн Э.Батбаярын гаргасан өргөдөлтэй холбоотой. Тэр энэ оны 3-р сарын 17-нд тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөр нэмсэн нийслэлийн ИТХ-ын шийдвэрийг цуцлах өргөдөл гаргасан юм. Уг өргөдөлд 33.380 иргэн гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага хангасан. Үүний дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо 4-р сарын 9-нд хэлэлцэн, уг саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Б.Заяабал нарын гишүүд орж, Т.Аубакир ахалж буй.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах зорилгоор нийслэлийн удирдлагууд захиргааны олон арга хэмжээ авч байна. Үүний нэг нь машины татвар, зам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэр. Машины татвар 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг энэ оны 1-р сарын 1-нээс 5 дахин нэмлээ. Тээврийн хэрэгслийн татварыг хамгийн дээд тал нь 4 дахин нэмж болох байв. Түүний дагуу 4 дахин нэмэхээр анх төсөлд тусгасан байсан ч нийслэлийн ИТХ 3 дахин нэмсэн юм.

Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл хамгийн дээд тал нь 144 мянган төгрөг татварт төлж байна. 144 мянга гэдэг тоо хаанаас гаргаж ирэв? Энэ нь уг тээврийн хэрэгслийн цилиндрийн 1 шоо см багтаамжийг 72 төгрөгөөр үржүүлсэн тоо юм байна. Машин бүрийн цилиндрийн багтаамжийг 72-оор үржүүлэхгүй. Зөвхөн 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгслийн 1 шоо см багтаамжид  72 төгрөгийн татвар ногдуулна. Жишээ нь: 1500 мотортой “Приус 20” машин 2010-2024 онд 1 шоо см цилиндрийн багтаамж тутамд 24 төгрөгөөр тооцон, нийт 36 мянган төгрөгийн татвар төлж байсан бол одоо 72 төгрөгөөр бодон, 108 мянгыг төлж байна.

Харин 2001-3001 мотортой тээврийн хэрэгслийн цилиндрийн багтаамж тутамд ногдох татвар 81 төгрөг. 3001 болон түүнээс дээш мотортой бол 99 төгрөг болгож нэмсэн юм. Үүнийг иргэд дэндүү өндөр гэж үзэн, цуцлахыг хүсэж байгаа юм. Татварыг ингэж нэмснээр нийслэлийн Замын санд төвлөрөх мөнгө 75.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.

Нийслэлийн замыг ашигласны төлбөрийг 5 дахин нэмснээр Замын санд орох мөнгө 80 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр тухайн үед зам ашигласны төлбөрийг нэмэх 3 үндсэн шаардлага үүссэн тухай тайлбарлаж байв. 1-рт, Замын сангийн мөнгөөр авто зам засаж, арчилдаг. Үүний дагуу 2024 онд цуглуулсан татвараар гэхэд 18-20 км зам засна гэсэн үг. Гэтэл нийслэл 1291 км урт замтай. Үүний 1.5%-ийг засаад л Замын сангийн мөнгө дуусдаг аж. Жил бүр замаа засаж чадахгүй явсаар удвал зам биш там болдог. Гэтэл жолооч нар Замын санд төлсөн төлбөрийг юунд зарцуулсан бол, замаа яагаад засахгүй байна вэ гэж бухимддаг. Тэгвэл нийслэлийн жолооч нар жилд дунджаар хот дотор 6000 км зам туулдаг гэсэн судалгааг Замын хөгжлийн газар гаргажээ. Ийм зам туулаад, жилд 20 мянган төгрөг төлнө гэдэг нь 1 км зам ашигласны төлбөрт 3.3 төгрөг төлж байна гэсэн үг. Үүнийг Дэлхийн улсуудын дундажтай харьцуулбал 86 дахин бага. Тиймээс 1 км зам ашигласны төлбөрийг 16.6 төгрөг болгож нэмсэн аж. Үүнийгээ жилд 1 удаа бөөнд нь төлөхөд 100 мянга болж байна. 2000 хүртэлх мотортой машин л ийм төлбөр төлнө. 2001-3000 мотортой машин 150.000, 4001-ээс дээш мотортой машин унадаг бол 250.000. Жижиг тэрэг унадаг бол арай багыг, томыг унадаг байх тусам ихийг авна.

Үүнийгээ төлөлгүй олон жолооч УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрийг харзнаж байсан ч найдлага талаар боллоо. Татварыг 4 дахин нэмж, таазанд нь тулгасан бол тус ажлын хэсэг ямар нэг арга хэмжээ авч чадах байсан гэнэ. Тэгээгүй 3 дахин нэмсэн тул тус ажлын хэсэг яаж ч чадалгүй уг асуудлыг орхижээ. Тэгэхээр жолооч нар татвар, төлбөрөө бушуухан төлөхгүй гэвэл 5-р сарын 31 болох нь. Хэрвээ энэ хугацаанд төлөхгүй бол торгуулна. Бас машинаа унаж чадахгүй болно. Татвар, төлбөр, хураамжаа хугацаандаа төлөөгүй гээд замын цагдаа нар явуулахгүй. Энэ хооронд нийслэлийн ЗДТГ жолооч нараар татвар, төлбөрийг нь төлүүлэх ажилд 681.566.800 төгрөг зарцуулж байна. 155.5 тэрбум төгрөг хураахын тулд шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *