Хөөрөг хэрэглэх нь бусдад тэнэг гэдгээ л харуулж буй хэрэг

Нийтийн сүлжээний гэсэн хаягт байгаа “История и культура нюхательного табака: От аристократии до современности, Бутылочка с нюхательным табаком” буюу хамрын тамхины түүх: Язгууртнуудаас өнөөдрийг хүрсэн нунтаг тамхи хадгалах жижиг сав” нийтлэлд “Хөөрөг нь тамхины хэрэглээнээс бий болсон бүтээгдэхүүн юм. Хөөрөг нь хамраараа эрч хүч, анхилуун үнэрийг агшин зуур мэдрүүлдэг нунтаг тамхи хадгалдаг бүтээгдэхүүн билээ. Тамхи хэрэглэх энэхүү ер бусын арга нь зөвхөн таашаал авах эх үүсвэр төдийгүй зэрэг зиндаа, нэр төрийн бэлгэдэл болдог байв.
Хөөрөгний үүслийн түүх Америкийн уугуул иргэдээс эхэлдэг. Тэд анх зөвхөн тэнд ургадаг байсан тамхийг нунтаг болгон боловсруулах аргыг нээсэн. Европчууд XVI зуунд Америк тив гэх “Шинэ ертөнц-ийг нээсний дараа тэндээс тамхины ургамал зөөж, Европ тивд ялангуяа язгууртны дунд хөөрөг дэлгэрч эхэлсэн. Тамхийг анх Европт эмч Жан Никот авчирсан гэж үздэг бөгөөд үүний дараа тамхины ургамал нь латин нэр болох никотина болжээ. Европт XVII-XVIII зууны үед хөөрөг нь нийгмийн элит хэсгийн салшгүй шинж тэмдэг болж байв. Хөөргийг хаад, язгууртнууд, улстөрчид, нэрт зохиолчид ашигладаг байсан. Иймээс алт, мөнгө, шаазангаар хийсэн гоёмсог хөөрөг гэх тамхины энэ сав бүр урлагийн бүтээл болж хөгжсөн билээ. Хөөрөг сонирхогчдын дунд Наполеон Бонапарт, Францын хаан XIV Луис, зохиолч Жонатан Свифт зэрэг алдартай хүмүүс байдаг байжээ.
Тэр үед хөөргийг гоёл чимэглэл болгохоос гадна тамхи нь толгой өвдөх, ханиад эдгээхэд тусалдаг, тэр ч байтугай анхаарал төвлөрлийг сайжруулдаг гэж үздэг байсан” гэсэн байна. Тэгвэл https:// antiqueland.ru/articles/1383/ гэсэн хаяг дээр байгаа “Китайские табакерки” буюу “Хятад хөөрөгнүүд” нийтлэлд “Мин улсын эзэн хаан Ван Ли (1573-1620)-гийн хаанчлалын үеийн түүхэнд тэмдэглэснээр анх тамхийг Хятадад 1550 онд өнөөгийн Филиппиний хойд хэсэг болох Лузоноос авчирсан бөгөөд тэнд Мексикийн Акапуло боомтоос испаничууд хүргэж ирдэг байжээ. Хятадад XVI зууны сүүлчээс тамхийг Фужиан, Гуандун мужид, дараа нь баруун хойд Гансу мужид тариалж эхэлсэн. Өмнө зүгт нил ягаан өнгийн Никотиана табакум хэмээх өндөр үнэ цэнэтэй, анхилуун үнэртэй сорт тарьж ургуулдаг байсан бол хойд хэсэгт хямд үнэтэй шар сорт тариалдаг байв. Европт XVI-XVII зуунд тамхи татах зуршлын зэрэгцээ нунтаг тамхины хөөрөг мода болж, хожим Хятадад орж ирсэн Европын шашны номлогчид энд хөөрөг дэлгэрэхэд ихээхэн дэм болсон байна.
Эхэндээ энэ нь баруунаас, ялангуяа португальчууд Макаогоор дамжуулан авчирсан тансаг тамхи байдаг байв. Энэ үед тамхийг жинлэж цул мөнгөөр сольдог байв. Цаг хугацаа өнгөрөхөд тамхийг нунтаглаж гаа, гавар, мэлрэг цэцэг, сарнайн охь зэргийг нэмж эхлэв. Хятадаар “янхэ” гэх хөөрөг гэдэг төмөр, эсвэл ясан нарийн халбага бүхий бөглөөтэй янз бүрийн хэлбэрийн жижиг “лонх” бий болов. Анхны ийм савнууд XVII зууны 40-60-аад онд гарч ирсэн гэж үздэг боловч Хятадад хөөргийг анх Цян Лу (1736-1796) хааны үед үүссэн гэж үздэг. Энэ үеэс бүснээсээ тусгай даавуун савтай хөөрөг өлгөдөг заншил хотын хүн амын дунд өргөн дэлгэрчээ. Харин XVIII зуунаас эхлэн тамхины хөөрөг нь цуглуулгын объект болжээ” гэсэн байна.
Тэгвэл хаяг дээр байгаа “Жевать и нюхать так же вредно” буюу “Зажлах, үнэрлэх нь адилхан хор хөнөөлтэй” гэсэн нийтлэлд “Тамхи зажлах, үнэрлэх нь амаараа утаат тамхи татахтай адил таны эрүүл мэндэд аюултай бөгөөд ганц ялгаа нь дам тамхидалтгүй байдаг явдал. Гэсэн хэдий ч эдгээр нь мөн адил хорт хавдар үүсгэдэг” гэсэн байна.
Хөөрөгний хэрэглээ урд хөршид Чин гүрний үед буюу XVII-XVIII зуунд моданд орсон ч улмаар багасаж, Бүгд Найрамдах Хятад улс байгуулагдсаны дараахан зогссон байдаг. Гэсэн хэдий ч орчин үед тэд чулуу нүхэлсэн харьцангуй хямд хөөрөг үйлдвэрлэсэн хэвээр байгаа бөгөөд зах, музейн бэлэг дурсгалын дэлгүүрээс худалдан авч болно. Энэ бүхэн хөөрөг монгол уламжлалтай ямар ч холбоо хамааралгүй, түүхийн хувьд тун саяхны зүйл гэдгийг батлан харуулж байна. Иймээс XXI зуунд хөөрөг хэрэглэнэ гэдэг нь бусдад ялангуяа гадныханд та юу ч мэддэггүй, тэнэг гэдгээ л харуулж буй хэрэг юм.
Эх сурвалж: “Өдрийн сонин”