ШИВЭЭХҮРЭН, ГАШУУНСУХАЙТ, ХАНГИ БООМТ ТАВДУГААР САРЫН 4-НИЙГ ХҮРТЭЛ АЖИЛЛАХГҮЙ

“Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд ажиллахгүй. Хятадууд олон хоног амарч байгаа аж. Тус хоёр улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг.
Өнөөдөр ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомтууд амарна. Харин Алтанбулаг авто замын боомт 24 цагаар ажиллах бол олон улсын галт тэрэг хуваарийн дагуу явна.
БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Бичигт, Баянхошуу боомт зөвхөн өнөөдөр амарна.
Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Сүмбэр, Хавирга авто замын боомтууд тавдугаар сарын 4-нийг хүртэл амрах хуваарьтай байгааг Гаалийн газраас танилцууллаа.
