Ж.Алтанзаяа: Ганц бие ээж байна гэдэг бахархах зүйл биш ч, хүрээд ирсэн хувь тавиланг яалтай. Сөрж зогсоод, дөрвөн хүүхдээ хүний дайтай өсгөж явна

Эдүгээ дөрвөн хүүхдийн ээж, 36 настай Ж.Алтанзаяа “Амьдралын өнгө” нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор уригдлаа.
Тэрээр 19 настайдаа ээж болж, амьдрал нь баяр цэнгэлээр бялхаж байсныг ярилцлагын эхэнд онцолсон юм. Анхны хүү төрснөөс хойш хоёр жилийн дараа дахин нэг хүү, мөн хоёр жилийн дараа гурав дахь хүүгээ төрүүлж дархан бэр болжээ. Харин тэрээр 10 жилийн дараа охин төрүүлж, “Одонтой ээж” хэмээх нандин цолны “болзлыг хангасан”-аа ярьж, өнөөдөр ийнхүү эрхэм хүндэт шагналаа гардан авч байгаа юм.
Ж.Алтанзаяа дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөдөг. Амьдралын эрхээр гурван хүүгийнхээ ааваас салж, өөрөө өрх толгойлсон байна. Эмэгтэй хүнд амьдрал толгойлно гэдэг амаргүй даваа. Тэр дундаа нэг биш гурван хүү дэрсхэн өсгөнө гэдэг хүн бүрийн хүсэх даваа биш. Гэхдээ тэр өөрт нь хүрээд ирсэн үрийн заяа, амьдралын хувь тавиланг алгаа тосон авах ёстой гэдэг зарчимтай, ухаалаг, дайчин бүсгүй юм байна.
Ж.Алтанзаяа бүсгүй “Би багаасаа л хүүхэд мөрөөддөг байсан. Ээж маань цэцэрлэгийн багш учраас хүүхдүүд дунд ажилладаг. Би өөрөө айлын бага байсан учраас ээжээсээ дүү их хүсдэг байлаа. Тийм ч учраас эрт ээж болсон. Нөхөр маань надаас хэдэн насаар ах хүн байлаа. Ээж маань бид хоёрыг анх танилцаад үерхэж байхад “Үерхэж нөхөрлөөд явах нэг өөр. Хамт амьдрах өөр. Тиймээс ээжтэйгээ та хоёр хамт амьдар” гээд бид нэг гэрт орж, бүхий л зүйлээ тэгээс эхлүүлж байлаа. Анхны хүү маань төрөхөд нөхөр маань маш их баярлаж байсныг санадаг юм. Нэгдүгээр төрөхийн үүдэнд найзуудтайгаа олноороо ирчихсэн. Намайг төрснийг дуулаад яахаа мэдэхгүй сандраад шал арчаад унасан гэсэн. Эмч над дээр орж ирчихээд “Нөхрийг чинь оруулах гэтэл шал арчаад уналаа” гээд инээж байсан юм. Тийм л нандин сайхан дурсамж дунд бид анхны хүүгээ өлгийдөж байлаа.
Бид гурван хүүтэй болно гэж төсөөлөө ч үгүй. Гурав дахь хүү маань төрөхөд хамт байсан ээжүүд “Чи дархан бэр боллоо ш дээ. Хадам аавын дайтай хүндлэгддэг юм шүү” гэж хэлж байлаа. Үнэхээр ч хүндлэгдсэн.
Гэхдээ амьдрал санаснаар болох биш. Нөхөр бид хоёр хоёр тийш болоод таван жил өнгөрч байна. 13 жилийн хамтын амьдрал маань надад нандин сайхан санагддаг. Би тэр хүнд буруу өгдөггүй. Болоогүй юм болоогүй. Гурван хүүгийн маань аав үүргээ ухамсарладаг. Бид аав нь аав, ээж нь ээж байх үүргээ сайн мэддэг. Одоо ч аав нь хүүхдүүдтэйгээ уулзаад, тусалж дэмжээд явдаг.
Гэхдээ ганц бие ээж гэдэг тийм ч хүсэх, гайхуулах зүйл биш. Хос дээл өмсөөд л баярлаж явсан сайхан үе бий. Баяр ёслолоор л жаахан ганцаарддаг юм. Тэглээ гээд бид бууж өгөх ёсгүй, унаж болохгүй. Ингэж л бодож амьдарч ирсэн. Намайг хүмүүс ганц бие ээж, хүчирхэг бүсгүй л гэдэг. Хүчирхэг байхын цаана маш их хариуцлага, тэвчээр байдаг юм шүү.
Хүүхдүүдээ би өлсгөж болохгүй гэж их боддог. Хүүхэд өлсөнө гэдэг нүгэл. Мэдээж гурван хүү өсгөнө гэдэг амаргүй. Ээж хүнээс ухаан шаарддаг. Зөв, бурууг нь зөв дэнсэлж, хүүхдүүдээ зөв хүн болгохын төлөө хичээж байна. Тиймдээ ч хөвгүүд маань уян зөөлөн, нэгэндээ тусч, эмэгтэй хүнийг хүндэлдэг болж төлөвшсөн. Би гурван хүүгээрээ бахархаж, нэрийн хуудсаа болгож явдаг.
Бага хүүгээ төрүүлснээс хойш 10 жилийн дараа одонгийн охинтой болсон. Маш их баярласан. Охин маань гэрт маань хамгийн хаан, гэрийн босс, гүнж нь болсон. Олуулаа байх сайхан” хэмээсэн юм.
Тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчөөс “Одонтой ээж” тэмдэгээ гардах билээ.
Монголын үрс маш олон болж, гэр бүлүүд бүтэн байж, үрс жаргалтай торних болтугай.
Эх сурвалж: Цахиур.mn