Л.Чинбат: “Намайг нас барвал донор болгоорой” гэж сошиалд бичих нь эргээд таны амь, насанд эрсдэл үүсгэж байдаг

Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч Л.Чинбаттай донорын тухай мэдээлэл яагаад нууц байх ёстой талаар ярилцлаа.

-Сүүлийн үед олон хүн өөрийн хувийн сошиал хаягтаа “Намайг нас барвал донор болгоорой” гэж бичих боллоо. Тэгвэл донорын тухай мэдээлийг нууцлах нь чухал гэж эмч, эмнэлгийн байгууллагын зүгээс үзэж байна. Яагаад донорын тухай мэдээлэл нууц байх ёстой вэ?
-Донорын тухай мэдээлэл нууц байх ёстой. Бүр хамгийн нууц байх ёстой мэдээлэл юм. Гол шалтгаан нь гэвэл үүний цаана эд эрхтэний наймаа явагдах асуудал яригддаг. Хамгийн аюултай үр дагавар нь энэ. Та донор болох хүсэлтэй байгаа талаарх мэдээллээ олон нийтийн сүлжээнд ямар ч хараа хяналтгүй шууд бичлээ. Гэтэл таны энэ үйлдлийг бусад хүмүүс буруугаар ашиглах магадлал өндөр байдаг. Яагаад гэвэл хэн нэгэнд донор, эрхтэн хэрэгтэй байна шүү дээ. Тэр хэрэгцээ, шаардлагаа хангахын тулд ил байгаа мэдээллүүдийг хайж, судалж эхэлдэг. Гэтэл өөрт нь хэрэгтэй байгаа мэдээллүүд олон нийтийн сүлжээнд ил байхыг харсан тохиолдолд шууд сэдэл төрнө. Өөрөөр хэлбэл, энэ хүн нас барчихсан байвал би өөрт хэрэгтэй байгаа эрхтэнээ авч болох юм байна гэж боддог. Тиймээс таны мэдээллийг буруугаар ашиглах гэж байгаа хүнд үүн шиг таатай, тохирсон нөхцөл гэж үгүй. Жишээ нь, таны биед маш хүнд бэртэл, гэмтэл учруулаад эрхтэнийг чинь авъя гэж байгаагаас ялгаагүй асуудал юм. Энэ бүгдээс улбаалан маш ноцтой асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Үүгээр би хүн бүр эд эрхтэний наймаанд өртөх боломжтой гэж нийгмийг айдаст автуулах г эсэн юм биш. Энэ мэдээллээ олон нийтийн сүлжээнд хуваалцсан үйлдэл эргээд таныг ямар ч гэмт хэргийн золиос, хохирогч болгох боломжтой гэдгийг анхааруулах гэсэн юм. Донор болох хүсэлтэй байгаа мэдээллээ ил зарласнаараа та өөрөө өөрийгөө маш том эрсдэлд оруулж байна. Эрсдэл бүрийг яриад байвал дуусахгүй. Манай монголчуудын хэлдгээр хүний санаанд оромгүй зүйлс ч болох боломжтой. Бид аливаа эрсдэлийг урьдчилан харах боломжгүй. Гэхдээ урьдчилан сэргийлж чадна.
-Тэгвэл энэ мэдээллээ нууц байлгахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Эрүүл мэндийн салбарт донорын мэдээлэл хамгийн нууцлалын зэрэгтэйгээр явдаг. Гэтэл ийм нууц байх ёстой мэдээллийг шууд олон нийтийн сүлжээнд цацна гэдэг өөрөө маш том эрсдэлийг дагуулж байдаг гэдгийг дахин хэлье. Манай иргэд иймэрхүү хувийн эмзэг мэдээллээ олон нийтийн сүлжээнд битгий бичээрэй. Ер нь хүний ямар ч хувийн мэдээлэл алдагдахаараа үргэлж эрсдэл, хор уршиг дагуулдаг шүү дээ. Түүнтэй л адилхан. Донор болно гэдгээ сайн дураараа зарлах нь буяны үйл хэмээн буруу, ташаа ойлгож болохгүй. Бид энэ асуудалд ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Мэдээж донор болно гэдэг хамгийн буянтай үйл. Гэхдээ би донор болмоор байна, эсвэл намайг нас барвал донор болгоорой гээд шууд ил зарлаж болохгүй гэдгийг л юуны өмнө ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд бүр ч болохгүй. Хэн ч золгүй байдлаар амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирохыг хүсэхгүй шүү дээ. Сошиалд бичиж болох, болохгүй зүйл гэж бий. Хэрэв үнэхээр донор болохыг хүсч байвал хувийн сошиал хаягтаа бичихийн оронд Е-Mongolia-аар ороод хүсэлт гаргаж болно. Мөн эрүүл мэндийн байгууллагад хандаж тодорхой мэдээлэл, үйлчилгээ авч болно.
Эх сурвалж: “Өдрийн сонин”