Б.Чойжилсүрэн: 10 аймагт ДЦС барих Солонгосын компани дампуурсан. Чадвар муутай компани шалгараад ийм байдалд орсон, харамсалтай зүйл

0
чойжилсүрэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Тус зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрээр “Эрчим хүч-3 төсөл” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл”-ийн худалдан авалт, барилга угсралтын багц ажилд шаардагдах зардлыг санхүүжүүлэх аж.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Таван жилийн хугацаанд 47 сая ам.долларыг авч ашиглах юм байна. Хуваарийнх нь асуудал ямархуу байгаа вэ. Гаднаас авч буй зээлийн хөрөнгийг ашиглаж чадахгүй байгаа үлдэгдэл дээр тодорхой хураамж төлдөг. Тиймээс богино хугацаанд бүрэн ашигласнаар энэ дарамт ирэх асуудал багасах ёстой.

Энэ төслийг гүйцэтгэгч нь ямар байдлаар шалгарах вэ. Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк нь тодорхой бодлого байр суурь илэрхийлээд гүйцэтгэгч дээр оролцох уу. Яагаад асууж байна вэ гэвэл 10 аймгийн дулааны асуудлыг шийднэ гээд Солонгосын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Эксим банк нь шийдсэн.

Гэтэл тэндээс гүйцэтгэгч шалгаруулах ажил зохион байгуулагдаж, 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц дөнгөж эхлээд зогссон. Бид авч ашигласандаа хүү, авч ашиглаж чадаагүй байгаадаа хураамж төлж байгаа. Энэ биднээс биш Солонгосын талаас болсон” гэв.

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк учраас олон талт байгууллага байдаг. Тендерийг нээлттэй зарлана. Заавал нэг орны компаниуд зориулахгүйгээр хүссэн улсын компанид тендерийг нээлттэй зарлана.

10 аймгийн төвд дулааны цахилгаан станцын төсөл нь Солонгосын Эксим банкны экспортын зээл учраас Солонгос компаниудын дунд тендер зарлах нөхцөлтэйгөөр олгогдсон. Үүний дагуу 2021 онд тендер зарлагдаж, “Бьюксан Инженеринг” компани шалгарсан. Түүнээс хойш цар тахал гэх мэт янз бүрийн байдлаар хүндэрч явсаар 2025 оны дөрөвдүгээр сард энэ компани Солонгостоо дампуурлын хамгаалалтад хамрагдах хүсэлт гаргасан. Солонгосын аж ахуйн нэгжүүдийн дампуурлын тухай хуулиар шүүхийн шийдвэр гараад эрх хүлээн авагч томилогдоно.

Эрх хүлээн авагч компанийн хэрэгжүүлж байсан төслүүдийг эрэмбэлээд алийг нь явуулах эсэх хувилбарыг сонгодог зарчимтай. Энэ зургаадугаар сард Солонгосын захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нэг талдаа гарна. Үүний дараа шинээр томилогдсон эрх хүлээн авагчтай төслийн хувь заяаг шийднэ.

Энэ процессыг хүлээхгүйгээр Солонгосын “Кореа Эксим” банкны төлөөллүүдтэй хоёр удаа уулзалт хийсэн. Солонгосын талын буруугаас шалтгаалж зээлийн хүү гүйж буй нөхцөлийг зогсоох хэлэлцээр явуулъя гэсэн. Гэхдээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэр аль нэг талдаа гараад энэ компани гүйцээх үү эсвэл хэрэгжүүлж байсан төслийг одоо байгаагаар нь үнэлээд үлдсэн ажил дээр нь шинээр тендер гаргах уу гэдэг сонголтын өмнө байгаа.

Шүүхийн шийдвэрийг харж байгаад нэг талд нь гарна. Харамсалтай зүйл байна. Чадвар муутай компани шалгараад ийм байдалд орсон. Монголын талаас авч хэрэгжүүлэх захиалагчийн бүх үүргийг Эрчим хүч яам болон Сангийн яам гэрээнд заасны дагуу хэрэгжүүлээд явж байгаа” хэмээн хариулав.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *