УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Жагсагчдын аюулгүй байдлыг хангах асуудлаар хуулийн байгууллагад хандана

Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулагч нарын төлөөлөлтэй өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзсан юм. Уулзалтаар талууд юу ярилцсан, ямар асуудлыг анхаарч ажиллах болсон талаарх мэдээллийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг хийлээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ
Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа залуучууд мааань УИХ-ын даргад уулзах санал тавьсан. Дөрвөн залуу уулзалтад оролцлоо. УИХ-ын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон парламентад сонгогдсон таван нам, эвслийн төлөөлөл уулзалтад оролцож, УИХ хяналтын систем хэрхэн ажиллаж байгаа , УИХ ямар бодлого барьж байгаа талаар мэдээлэл өглөө.
Залуучууд нэгдүгээрт, Ерөнхий сайдад ёс зүйн талаас ямар арга хэмжээ авч болох юм, өөрийнх нь орлогыг нотлох талаас ямар үйлдлүүд хийх ёстой вэ гэдэг асуудал тавилаа.Хоёрдугаарт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыгУИХ ямар горимоор хэлэлцэх юм гэдгийг тодрууллаа. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн засаглал бий болгох асуудал яригдаж байна. Энэ хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ч юм уу ямар нэгэн байдлаар Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг асуудал парламентад байгаа юу гэдэг асуудлыг тавьж энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тогтоолын төсөл УИХ-д ирсэн байгаа. Энэ тогтоолын төслийг танилцууллаа. УИХ энэ асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд эхэлнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн чуулган Пүрэв гаригт хуралддаг, урагш татаад хэлэлцээд явах бололцоотой гэдэг асуудлыг тавилаа.
Ерөнхий сайд намын дээд байгууллага Бага хурал руугаа асуудлаа дэвшүүлж ороод тэнд асуултанд хариулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурадаанд Ерөнхий сайд оролцож, асуултад хариулна, УИХ-ын чуулганы хуралдаанд 126 гишүний өмнө тайлангаа тавьж асуултад хариулна. Залуучуудын тавьсан саналд нээлттэй хариулт авах боломжтой гэдгийг хэллээ.