MCS-ийн тавиулуудын төр самрах санаархлыг УИХ хаалттай хэлэлцүүлгээр гүйцэлдүүлж болохгүй

0
ontsloh_ajil-Recovered-Recovered-Recovered_copy

Засгийн газар орлогоо нотлоогүй төрийн өндөр албан хаагчдын хөрөнгийг хураана гэж мэдэгдээд ажиллаж буй. Уул уурхайн том ордуудын өгөөжийг цөөхөн гэр бүл биш Монголын иргэд нийтээрээ хүртэх ёстой гээд тодорхой шийдвэрүүд гаргаатахсан. Харамсалтай нь уул уурхайн ордуудын ашгийг  өмнөх 30 жилд хэдхэн гэр бүлээрээ хахтал хүртсэн олигархиуд нэгдэж ерөнхий сайдыг унагахаар улайрч байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон жил бугшсан хулгай луйврын схем, далд эдийн засгийн эсрэг зоригтой алхмуудыг хийж, хуулийн байгууллагууд ч энэ зүг үйл ажиллагаагаа чиглүүлээд байгаа Хамтарсан Засгийн газраа байгуулсан 10 гаруй сарын хугацаанд  “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж, стратегийн ордуудын 34 хүртэлх хувийг төрд авч, ашгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг яаравчлуулахаар зүтгэж байгаа юм.

Ерөнхий сайдын зоригтой мэдэгдлээс хойш  “Энержи ресурс-ийн Ухаа худаг, Баруун наран, МАК-ийн Цагаан суварга, Нарийн сухайтын ордын тодорхой хувийг Монгол улсын иргэд  эхний ээлжинд хүртэж эхлэх нь” гэсэн хүлээлт  үүсээд байв. Гэтэл энэ асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэр гаргахын өмнө Засгийн газрыг огцруулах улстөрийг олигархиуд улайран хийгээд эхэлчихлээ. Бүр УИХ-ыг хаалттай хуралдуулж байж санаархлаа гүйцэлдүүлэхээр улайрч байна. Л.Оюун-Эрдэнэ  МАН-ыг олон жил  санхүүжүүлсэн нэр бүхий компаниудтай хамтрахгүй гэдгээ өнгөрсөн өвөл мэдэгдснээрээ Эм Си Эс тэргүүтэй олигархиудын овоо хараанд орж, хорхой идсэн араанд нь зуугдсан юм.

Эм Си Эс тэргүүтэй олигархиудын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц хэрхэн эхэлсэн түүхийг эргэн санацгаая. Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтийн үеэр засгийг огцруулах гарын үсэг цуглуулах акцийн эхлэлийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу тавьж, 32 гишүүний гарын үсэг зуруулснаар өрнүүлж байв. Дараа нь шарк Д.Энхтүвшин, Жудагийн Баярмаа нар төсөв тойрсон улстөр эхлүүлж, Ерөнхий сайдын эсрэг сүржин мэдэгдлүүд хийж байлаа. Одоогийн акц бол төрийн ордны гадна 20 дахь өдрөө үргэлжилж буй  “Орлогоо нотол, огцор” гэх уриатай жагсаал. Энэ жагсаалд оролцож буй залуусыг эртнээс бэлдсэн. “Ноорог”-ийн Улмаа гэх залууг ил тод бэлдсэн гэдгийг олон үйл явдал нотолж байна. Өндөр ханшаар залуусыг хөлсөлсөн энэ жагсаал маш эмх цэгтэй, асар өндөр зохион байгуулалттай, Монголын түүхэнд хэзээ ч харагдаж байгаагүй өнгө төрхөөр  үргэлжилж буйг та анзаарсан уу?!!!! Энэ бүхний цаана асар том мөнгө эргэлдэж байгаа учраас тэр.

Яг одоо Засгийн газар огцрох дуулиантай улстөрийн ард ийм л үнэн нуугдаж байна. Нуугдаж байна ч гэж дээ. Ил тод харагдаж байна.

УИХ-д Засгийн газрыг бүр тодруулбал, Л.Оюун-Эрдэнийг эсэргүүцэгч нарыг өнөөдөр хамгийн их эсэргүүцэж байгаа гишүүдийг шарк хэмээгдэгч Д.Энхтүвшин, Жудагийн Баярмаа, Ч.Лодойсамбуу нар тэргүүлж буй. Эднийг хаанаас нь ч харсан “MCS тэргүүтэй олигархиуд” гэсэн малгай доор багтдаг.

Д.Энхтүвшин 1997 онд “MCS”-д санхүүгийн шинжээчээр анх ажилд орсон нэгэн. Тус компанид Дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжиж 24 жил тасралтгүй ажилласан гээд харахаар яалт ч үгүй Эм Си Эс-ийн бүтээгдэхүүн.

Ж.Баярмааг мөнгө угаах хэрэгт холбоотой байж магадгүй гэх мэдээллийг хэдхэн хоногийн өмнө Хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Х.Оюунцэцэг өгсөн. Түүний ах “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр 16 жилийн өмнө 5290 иргэний 23 гаран тэрбум төгрөгийг завшиж ял шийтгүүлж байсан учраас энэ бол ортой хардлага. Өнөөдрийн байдлаар нийт хохирлын 58 хувийг барагдуулсан ч  10 орчим тэрбумын хохирлыг барагдуулаагүй байгаа. Жирийн иргэдийг арван тэрбумаар хохироочихсон яваа гэсэн үг. Ж.Баярмаа болон түүний нөхөр Я.Гансүх нар нийт 50 орчим үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулан хөдөлгөсөн гэх мэдээллийг хохирогчдын эрх ашгийг хамгаалах холбоо өгснийг энэ дашрамд онцлон сануулъя.  Түүнчлэн тэд өдгөө Богд уулан дахь тусгай хамгаалалтын бүсэд 3 га газар дээр хауснууд барьснаа эхнээс нь борлуулж эхэлсэн аж. Тусгай хамгаалалтын бүсэд шүү дээ. Гэхдээ Ж.Баярмаа нь сүүлийн жилүүдэд нийтийн албанд ажиллаж байсан.  Тэр ч утгаараа Хохирогчдын холбооны зүгээс мөнгө угаасан байх магадлалтай хэмээн шалгуулах хүсэлтээ хуулийн байгууллагад өгчихсөн байгаа юм билээ.

Жудагийн Баярмааг Эм Си Эс-ийн Ж.Оджаргалын нарийн бичгээр ажиллаж байсан гэх шум ч бий. Ташрамд дуулгахад, 2018-2024 он хүртэл буюу  зургаан жилийн дотор гэр бүлийнх нь орлого жилийн 640 сая байснаа 3.2 тэрбум болж тав, мөнгөн хадгаламжийн хэмжээ нь дөрөв дахин өссөн байдаг. Ингэж огцом өссөн нь ахынхаа луйвардсан мөнгийг угаасан байж болзошгүй гэж хардах үндэслэл болж буй.

Ч.Лодойсамбуугийн хувьд Ж.Оджаргалын төрсөн дүүгийнх нь байрыг түрээсэлж амьдардаг юм гэсэн. Шууд утгаараа шууд холбоо хамааралтай гэж хардах үндэслэл хангалттай мөн биз дээ. Мөн Америкт амьдарч байхдаа Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай их л ойр байсныг нь тус улсад ажиллаж амьдардаг монголчууд баталдаг.

Харин талбай дээрх жагсаалыг зохион байгуулж буй “Ноорог”-ийг үүсгэн байгуулагч  О.Уламсайхан болон MCS компанийн хамгаалалтын алба, хамааралтай компаниудад ажилладаг 10 гаруй залуус бүр ч “но”-той. Тэд  Энержи ресурс компанийн Ухаа худагийн нүүрсний ордын лицензийг төрд авах асуудал хөндөгдөж эхэлсэнтэй холбоотой эсэргүүцсэн акцыг цахим орчинд өрнүүлэх, жагсаал цуглаанд уриалах зорилготой тролл багийг ажиллуулж байсан гэх дуулианы эзэд. Эх сурвалжийн өгүүлснээр “Ноорог креатив” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар MCS-ийн хамгаалалтыг хариуцсан М-Армор ХХК-нд ажилладаг бөгөөд 50 хувийг Нью эравенчерс ХХК буюу MCS-ийн шууд хамааралтай компани эзэмшдэг гэдэг.

Түүнчлэн  О.Уламсайханы хамтран амьдрагч  хэдхэн сарын өмнө амиа алдсан /хорлосон/ бөгөөд түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буй. Жагсаалаар халхавчилсан акц амжилтад хүрч Засгийн газар огцорвол гэмт хэргээс мултална гэх тохироо хийгдсэн гэх хов ч сонсогдох болллоо.

Ийнхүү эх орны баялгийг халааслаж, эрх дархтан мэт авирлаж,  улстөрчдийг уяаны нохойгоо болгон мөнгө цутгаж, Улсын их хуралд тавиулуудаа тавьж,  эрх ашгаа хамгаалуулсан хууль батлуулж гаршсан улс төр, бизнесийн бүлэглэлүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужигнаж, хууль бус хөрөнгөө хамгаалахаар амь тэмцэн зүтгэцгээж байна. Тэр тэмцэл нь Засгийн газрыг огцруулах бүрэн хэмжээний “уран сайхны кино”-гоор үргэлжилж байна, яг одоо.

Байгалийн баялгийг ард түмэнд хүртээхгүйгээр хэдхэн гэр бүлээрээ ашиглаж, асар их мөнгөний ашиг хийж яваа Эм Си Эс тэргүүтэй олигархиуд олсон мөнгөнийхөө багахан хэсгийг Улмаа, Шарк Энхтүвшин, Жудагийн Баярмаа мэтэд цацаж, Л.Оюун-Эрдэнийг унагахаар улайрч байна.

Тэд УИХ-д нөлөөлж, Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэх кнопыг даруулах арга замыг хайн, хуралдааныг хаалттай явуулах тухай ч яриад эхэлчихэж. Хэрвээ засаг унавал улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд, ил шулуухан хэлчихэд MCS-ийнхэн болон ивээн тэтгүүлэгчид нь цулайна, баяжина, хөгжинө. Улмаа хүний амьтай холбоотой ялаас мултарна. Элбэгдорж, Эрдэнбилэгтнүүд ил гарч, ичих нэрэлхэх зүйлгүй Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкиндээ буцааж авна. Эсрэгээрээ ам. долларын ханш цадигаа алдаж, иргэд ядуурна.

Эцэст нь тэмдэглэхэд, УИХ дахь намын бүлгүүд даваа гаригт 10.00 цагаас хуралдаж, АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бүлгийнхээ хуралд оролцуулж тайлбар авна. Дараа нь 12.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 14.00 цагаас чуулганы хуралдааныг эхлүүлж Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Эрээгээ алдсан эдийн засаг, улс төрийн бүлэглэл ялах эсэх нь энэ хуралдаанаас харагдана.  Энэ сонголтыг УИХ-ын 126 гишүүн хийнэ. Сонголт нь Монгол Улсын түүхийн хуудсанд нэн чухал шийдвэр гэж бичигдэх үү, эс бөгөөс эрх мэдэлд шунамхайрсан гунигт луйвар байлаа гэж бичигдэх үү гэдгийг иргэд харцгаах л үлдэж байх шив дээ.

Эх сурвалж: ivoice.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *