Сердар Бердымухамедов: Бид Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хамтран ажиллах боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Туркменистан Улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов:
“Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө,
Туркменистан Улс, Монгол Улсын дээд түвшний албан ёсны хэлэлцээ дөнгөж сая өндөрлөлөө. Энэхүү хэлэлцээ нь найрсаг, ажил хэрэгч, итгэмжилсэн уур амьсгалд боллоо.
Бид хоёр талын хамтын ажиллагааны голлох чиглэлүүдийн талаар хэлэлцэж, олон улсын нөхцөл байдлын цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч бид хэлэлцээний хүрээнд бүхий л асуудлаар харилцан ойлголцолд хүрснийг тэмдэглэж байна. Бид хоёр талын хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэж, эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан Туркмен-Монголын яриа хэлэлцээг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.
Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменистан Улс, Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно.
Монгол Улс нь олон улсын аюулгүй байдлыг хангах хүрээнд улс хоорондын хамтын ажиллагаа, харилцан итгэмжилсэн яриа хэлэлцээ, олон улсын санаачилгын хүрээнд Туркменистан Улсын байнга төвийг сахих бодлогыг дэмжиж буйд миний бие Эрхэм хүндэт Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ.
Дэлхийн тавцан дахь Монгол Улсын бүтээлч үүрэг оролцоог Туркменистан Улс өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа олон улсын нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд бодит, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаа зэрэг дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт, олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй аюул заналхийлэлтэй тэмцэхэд цаашид хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахаар тохирлоо.
Яриа, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өглөө. Талууд зам тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллах нөөц боломжийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд Туркменистаны “Их торгоны замыг сэргээх” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломжтойг мөн харилцан тэмдэглэлээ.
Хоёр талын худалдааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжит салбар, чиглэлд бид мөн чухал ач холбогдол өглөө. Худалдааг тэлэх, жижиг, дунд бизнесийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тогтож, энэ хүрээнд туркменистаны талаас дэвшүүлсэн санал санаачилгыг монголын тал талархан хүлээн авлаа.
Манай хоёр улсын харилцааны нэгэн чухал тулгуур болох парламент хоорондын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Соёл, хүмүүнлэг, боловсрол, шинжлэх ухаан, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.
Туркменистаны тал хэлэлцээний үр дүнд сэтгэл нэн хангалуун байна.
Хэлэлцээний дүнгээр талууд хоёр талын хамтын ажиллагааны чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны төрийн айлчлал амжилттай болж, манай хоёр улсын найрсаг харилцаа, ард түмэн хоорондын найрамдал, нөхөрлөлд түүхэн ач холбогдолтой боллоо.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч болон монголын талын хүндэт төлөөлөгчдөд нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээ хийж, хамтран ажилласанд гүн талархал илэрхийлье.
Туркменистан Улс, Монгол Улс нь найрамдалт, эрх тэгш, харилцан ашигтай харилцааг урт хугацаанд, итгэл төгс, тууштай хөгжүүлэх чин сэтгэлийн эрмэлзлээ харилцан нотоллоо.
Энэ ялдамд, найрсаг Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.