Шинэ ЗГ-т хэн багтахаас Х.Баттулга Төгрөг нуурын ордоор шийтгэгдэх эсэх нь хамаарна

Улс төр халаад, бужигнаад буй сүүлийн нэг сарын хугацаанд Х.Баттулга л харагдсангүй. УИХ-ын чуулганы хуралдаанд угаас суудаггүй, ойрдоо гадаад томилолттой гэж бүртгүүлж байгаа тэрбээр Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцордог шөнө, ордон дотор байсан гэгдсэн. Сэтгүүлчид түүнийг харсан.
Орж ирэхгүй, үг хэлэхгүй, зүс царайгаа үзүүлэхгүй, тэгээд түүнд улс төрд парламентаар дамжин эргэж орох ер ямар хэрэг байсан юм бэ?
Л.Оюун-Эрдэнийг Х.Баттулгатай ойр байгаа гэж ярьж, бичдэг. УИХ-ын сонгуулийн өмнө тодорхой хэмжээнд ойртож, АН-ын кандидатууд дээр яриа хөөрөө үүсгэсэн байхыг үгүйсгэх газаргүй. Гэхдээ өөрийн амаар бол Х.Баттулгатай кофе ч ууж үзээгүй, үнэн сэтгэлдээ Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д орж ирэхийг эрс эсэргүүцдэг гэдгээ ярьсан билээ. Тэр бол таамаг.
Харин бодит нь юу гэхээр Х.Баттулга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг ажиллана гэдэг л юм. Түүнийг Ерөнхийлөгч байхад У.Хүрэлсүх ЗГ-ын тэргүүнээр ажилласан. Ингээд углааштай эмэгтэйгээр шалтаглан огцорсон. Дараа нь Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй болгох Үндсэн хуулийн өөрчлөлтөд өөрийн нөлөөг үзүүлж ч байсан. Нэг ёсондоо тэд найрамдах боломжгүй улс.
Одоо парламентад С.Ганбаатар Х.Баттулгатай ойр байгаа. Ерөнхийлөгч индрээс үг хэлэхдээ шууд С.Ганбаатарт чиглэсэн нь ч тийм юм. Мөн Х.Баттулгыг төгрөг нуурын ордын асуудлаар нь АТГ-т шалгуулж, “нугаслах” сонирхол байгаа.
Хэрэв Н.Учрал дараагийн Засгийн газарт тодорхой нөлөөтэй суудал олж авч чадахгүй бол Х.Баттулгын төгрөг нуур хэсэгтээ сөхөгдөхгүй байх боломж бий. Ямартай ч MCS бол мангас гэсэн пиарын эзэн Х.Баттулга болох нь мэдээжийн. Тэр өөрөө төмөр зам гэдэг сэдвээр яг ингэж талцаж байсан удаатай. Харин Засгийн газрын гишүүн мөртлөө ганц удаа Ухаа худаг яриагүй Н.Учрал хамгийн анх Төгрөг нуурыг сөхөж тавьсан байдаг.
Иймд Х.Баттулгыг болиулах шалтгаан МАН-ын ах нарын фракцад байна, түүнийг хийх нь Н.Учрал бол шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэхээс л их зүйл хамаарах нь. Одоогийн байдлаар АТГ түүнийг дуудан мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа эхлүүлснээ хэд хэдэн удаа албан байдлаар мэдэгдээд байгаа. Улстөрчдийн, тэр дундаа төрийн тэргүүн явсан хүний холбогдсон хэрэг төвгийг ингэж нээлттэй мэдээлж байсан түүх урьд өмнө үгүй юм.