Г.Жанлавцогзол: 63 МВт дулаан үйлдвэрлэх Дамбадаржаа ДЦС-ын суурийн бетон цутгалт дуусах шатандаа орж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд Сэлбэ дэд төвийн 4,400 айлын орон сууцыг барьж буй.
Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилгыг угсарч эхэлжээ.
Бүтээн байгуулалтын явцын талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил энэ жилийн дөрөвдүгээр сард эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар үндсэн суурь хэсгийн бетон цутгалтын ажил дуусах шатандаа орж байна.
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвүүд рүү явах дулааны шугамыг хийж дууссан” гэлээ.
Тус ДЦС нь Сэлбэ дэд төвийн орчмын 7,000 гаруй айлыг дулаанаар хангах хүчин чадалтай байна.
Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4,400 айлын орон сууцыг БНХАУ-ын хоёр компани барьж байгаа билээ.