“Архи ууж, зурагт зарах гэлээ” гэх шалтгаанаар аавыгаа зодож, хөнөөжээ

0
цагдаа

 

Сонгинохайрхан дүүрэгт өөрийн төрсөн эцэгтэйгээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процессыг, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Амь хохирогч буюу гэмт хэрэг үйлдэгчийн төрсөн аав 59 настай, хүүгийн хамтаар хашаа түрээслэн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байжээ. Хэрэг гарсан өдөр буюу 2023 оны долоодугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэртээ ороход согтуу байх бөгөөд гэрийнхээ авдрыг онгорхой орхиж, зурагтыг авч гарахаар боож багласан байсан аж.

Шүүгдэгч буюу гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Гэр лүү ороход авдрын таг онгорхой, телевизорыг боочихсон, аав согтуу байсан. Би загнасан. Бид хоёр ноцолдсон, би түлхээд суулгасан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 17-нд гэртээ ирэхэд ил харагдах шарх сорви байгаагүй. Гэмшиж байна. 2023 оны 1 дүгээр сард аавын гэрт ирж хамт амьдарч байсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” хэмээжээ.

Амь хохирогчийн биед “зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн булчин, хуйханд цус хуралт, хэлэн доорх ясны зүүн эврийн хугарал, булчинд цус хуралт, зүүн 2,3,4,5-р хавирганы хоёрлосон, 6,7,8-р хавирга, баруун 2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, уушгины гялтанд цус хуралт, уушги авчилт, цээжний хөндийн цус алдалт /400мл/, өвчүү ясны хугарал, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүрхний булчинд цус хуралт, зүүн чихэнд шарх, цээж, баруун бугалга, зүүн сарвуу, шуунд цус хуралт, баруун мөр, хоёр тохой, өвдөгт зулгаралт” бүхий гэмтэл үүсчээ. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Улмаар уг хэргийн шүүх хурал өнгөрөгч сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон бөгөөд дараах шийдвэрийг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар нэг гэрт хамт амьдарч байхдаа шүүгдэгч нь өөрийн төрсөн эцэг буюу хохирогчийг “архи уулаа, зурагт зарах гэлээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн зодож алан амьд явах эрхэд нь халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, хохиролд нэхэмжилсэн болон төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ялыг багасгаж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 15 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн …ял оногдуулах” гэж заасан, мөн шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж оролцсон, хохирол төлсөн гэж байгаа боловч баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч ийн хувьд тухайн зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй төдийгүй тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *