Г.Занданшатар: Тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмнэ

Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр нэр дэвшигч Г. Занданшатар татварын бодлогын талаар “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгах, иргэн бүрд хүргэхийг зорилтоо болгож ажиллана.
Ядуурлын индекс 2022 оны байдлаар 27.1 хувь буюу 913 мянган иргэн ядуурлаас доош хэрэглээтэй байна.
2025 он гарснаар инфляцын түвшин өндөр болж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг тэгш хүртээмжтэй болгохын тулд бүтцийн өөрчлөлт хийнэ.
Үүний тулд татварын реформыг хэрэгжүүлнэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг бага болгож, тансаг хэрэглээний болон хэт өндөр орлоготой иргэдэд оногдуулах татварыг нэмэгдүүлж, тэгш шударга нөхцөлийг хангаж, дундаж давхаргаа дэмжих бодлого хэрэгжүүлнэ” хэмээн байр сууриа
илэрхийлэв.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Түүний намтар, ажилласан байдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.