УБЕГ-ын албан хаагчдын орон сууц болон архивын барилга баригдаж байна

0
DhJcxexWyc5BkiJ6zYhY


Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалттай барилга болон албан хаагчдад зориулсан орон сууцны барилгын ажлыг 2026 оны 4-р улиралд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Улсын бүртгэлийн эх нотлох баримтын архивын хадгалалт, нөхцөлийг сайжруулах болон албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг энэ оны тавдугаар сард баталсан.

Тус хөтөлбөрийн зорилго нь архивын баримтын хадгалалтын чанар, аюулгүй байдал, багтаамжийг сайжруулахын зэрэгцээ улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөлийг дэмжих, нийгмийн баталгааг хангахад оршиж байна.

Хөтөлбөрийн зорилт:

  • Архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах: Архивын хадгаламжийн сангийн багтаамжийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж барих;
  • Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах: Тухайлбал, зорилтот бүлгийн албан хаагчдыг ажиллах хугацаанд нь албаны орон сууцаар хангах замаар амьдрах нөхцөлийг сайжруулах, мөн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах

Эдгээр ажлын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд ажиллаж буй нийт 1211 албан хаагчийн дунд амьдрах нөхцөлийн талаар судалгаа явуулжээ.

Судалгааны дүнгээс харахад:

  • 47% нь орон сууцанд,
  • 25.4% нь гэр хорооллын хашаа байшинд,
  • 9% нь өөрийн гэрт,
  • 9% нь нийтийн байранд тус тус амьдардаг байна.

Эдгээр үзүүлэлтүүд нь албан хаагчдын орон сууцны хэрэгцээ, амьдралын нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийх, цаашдын бодлого боловсруулах чухал үндэслэл болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр архивын үйл ажиллагааны үр нөлөө нэмэгдэж, улсын бүртгэлийн албан хаагчдын ажиллах урам зориг, нийгмийн баталгаа дээшлэх юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын зориулалттай барилга болон албан хаагчдад зориулсан орон сууцны барилгын шав тавих ёслол 2025 оны зургаадугаар сарын 5-ны өдөр болжээ.

Тус ёслолд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, УБЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү, газар, хэлтсийн дарга нар, ажлын хэсгийн албан хаагчид, “Буянт Шарга Констракшн” ХХК-ийн захирал Н.Болдбагана болон бусад холбогдох төлөөлөгчид оролцжээ.

Албан хаагчдад зориулсан орон сууц нь нийт 2 блок, 16 давхар бөгөөд нийт 15,660 м.кв талбайг хамрах юм. Харин архивын зориулалттай барилга нь 1,500 м.кв талбайтай, хоёр давхар (зоорийн давхартай) байхаар төлөвлөгджээ. Уг архивын барилгын нийт өртөг нь 6 тэрбум төгрөг бөгөөд гүйцэтгэгч “Буянт Шарга Констракшн” ХХК 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэх юм.  

Архивын барилга болон орон сууцны барилгыг 2026 оны 4-р улиралд бүрэн дуусгаж, захиалагч талд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй барилгын ажил эхэлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *