“Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дээд хязгаар давсан энэ үед улсын дугаарыг сангаас шууд олгохгүй байгаа” гэв

2025 оны нэгдүгээр сарын 15-наас carplate.ulaanbaatar.mn цахим хуудсаар тээврийн хэрэгслийн УБ серитэй улсын дугаар олгох хүсэлтийг авч эхэлсэн байдаг. Энэ хугацаанаас хойш таван сар гаруйн хугацаанд 2,727 хүсэлт бүртгэгдсэн ч өнөөдрийн байдлаар нэг ч эрх олгогдоогүйг цахим хуудас харуулж байна.
Энэ тухай Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг НИТХ-аас тогтоон улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталж хэрэгжүүлсэн.
Авто замын түгжрэлд бага нөлөө үзүүлдэг, хэвийн үйл ажиллагаа явуулах ёстой тодорхой тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг хэвийн олгож байна.
Суудлын автомашин болон 3.5 тонноос доош ачааны тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлтийг үндэслэж улсын дугаарыг олгож байгаа.
Тээврийн хэрэгслийн дээд хязгаар давсан энэ үед улсын дугаарыг сангаас шууд олгохгүй.
Иргэд өмнөх тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинээр авсан машиндаа тавих зохицуулалт хэрэгжиж байна” гэж өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн оны төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоож, улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийг нээлттэй болгосноор тээврийн хэрэгслийн улсын дугаарыг дамлан зардгийг таслан зогсоож байгаа” хэмээн тайлбарлаж байсан ч хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын дугаар олголтыг хязгаарласантай холбоотойгоор дугаарын бизнес цэцэглэж байна” гэж мэдэгдсэн юм.