Намын тавиулын балгаар 40 мянган хүүхэд ирээдүйгээ баллуулчихлаа

Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой гомдол санал үргэлжилсээр байна.
Агуулга хүндэдсэн, зохисгүй даалгавар орсон, тест задарсан гэсэн яриа байгаагаас гадна “оноо нэмж өгнө” гэх наймаа гараад байгаа гэнэ. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл “Захын наймаа шиг зургаан оноо нэмж өгнө гэдэг яриа гараад явж байгаа” гэв.
Тус шалгалтын материалыг Боловсролын үнэлгээний төв бэлдсэн. Боловсролын сайд, ХҮН намын УЗ-ийн гишүүн П.Наранбаяр өөрийн намын хүнийг тус төвийн захирлаар тавьснаас энэ бүх асуудал үүджээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус, энэ салбарт ажиллаж байсан туршлагагүй хүнийг тавьснаас монголын ирээдүй болсон 40 мянган хүүхэд амь амьдралаараа хохирчихоод байгаа аж.
Боловсролын үнэлгээний төвийн захирлаар 2024 оны УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт ХҮН намаас нэр дэвшиж байсан Г.Гантуяаг Боловсролын яам томилжээ. Энэ хүн “Номадик контент” хэмээх маркетинг, пиарын компанийг эзэмшдэг, захирлаар нь ажиллаж байгаад тус төвийн захирлаар томилогдсон байна.
Ийн мэргэжлийн, олон жил ажилласан хүмүүсийн оронд намын тавиулуудыг тавьснаас болж энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт будилж, монголын ирээдүй болсон үр хүүхдүүд амь амьдралаараа хохирчихоод байгаа аж.
Г.Гантуяа өөрийн бизнес, олох ашгаа урьтал болгосноос бус, монголын ирээдүй болсон залуучуудын хувь тавиланг шийдэж байна гэдгээ даанч нэг ухамсарлаагүй бололтой. Сэтгүүлч Б.Пүрэв, Г.Гантуяагийн хамаарал бүхий компани энэ оны эхэнд 790 сая төгрөгийн тендерт шалгарсан баримтыг гаргаж тавилаа.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяагийн эзэмшдэг “Номадик контент” компани 790 сая төгрөгийн үнэ бүхий Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод туссан реформын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар оролцогч талуудад мэдлэг, мэдээлэл өгөх, чадавхжуулах төсөлд 2025 оны нэгдүгээр сард шалгарчээ.
Тиймдээ асуудал үүсээд эхлэнгүүт Г.Гантуяа “Ажлаа өгөхөд хорогдох зүйл байхгүй шүү” гэж даналзсан юм байна.
