Г.Занданшатар: Дэд сайдыг УИХ-тай зөвшилцөн шийднэ

0
ЗАНДАН

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 6 сарын 13. Монгол Улсын 34 дэх ерөнхий сайдаар Гомбожавын Занданшатар томилогдов. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албанд цомхотгол хийх хүрээнд дарга нарыг цөөлнө гэдгээ мэдэгдсэн ч дэд сайд нарын орон тоог бий болгож мэдэхээр байна.

Учир нь, УИХ дахь МАН дотор шинэ Засгийн газар дэд сайд нарыг удахгүй томилно гэх яриа гарч эхэлжээ.

Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар “Дэд сайдын асуудал хуулин дээр байна лээ. Өмнөх Засгийн газрын үед орон тоо ,төсөвтэйгээ байгаа юм билээ. Хэл ам шүүмжлэлээс болоод томилоогүй.  Дэд сайд нарыг үр дүнтэй ажиллуулах л асуудал. Гадаад харилцааны сайд гадаад явлаа, гадны зочин ирлээ, орлох хүн байх ёстой. Ямар ч компанийн удирдлагын нэгжид орлох хүн байдаг.  Засаг даргын ажил ч бас орлогчгүй бол явдаггүй. Орлогч сайд гэдэг дэлхийн бүх улсад байдаг албан тушаал. Нэгээр тогтохгүй байдаг албан тушаал. Улс төрийн албан тушаал.  Хэмнэх гэхээс илүү үр дүн юу байна,  үр ашиг гэж юу байна гэж судалж шийдэх ёстой. УИХ-тай зөвшилцөөд шийдэх ёстой асуудал” гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Мөн МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Дэд сайдын томилох бол ядаж нэр цэвэр, хулгай зэлгий, Засгийн газрын тусгай сангуудад нэр холбогдоогүй хүмүүсийг томилох ёстой” гэж үзэж байна.

Шинээр бүрдсэн Засгийн газар Ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай. Дэд сайдын албан тушаалыг бий болговол 19 яаманд дэд сайд нар томилогдоно гэсэн үг. Энэ тохиолдолд ялгаагүй л дарга нарын орон тоо нэмэгдэнэ. Бүсээ чангалах хүрээнд дарга нарын тоог цөөрүүлнэ гэж байгаа ч зөрүүлээд дэд сайд томилохоор мөн л туслах, жолоочоос эхлээд орон тоо дахин бий болгох шаардлага үүсч буй юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *