ФОТО СУРВАЛЖИЛГА: Хорих ангид хүмүүжигчдийн хийсэн гар урлалын БҮТЭЭЛҮҮД

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албанаас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлын нэг болох “Ухаарахуй, Урлахуй” гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг “Монголын уран зургийн галерейд” дэлгэжээ.
Үзэсгэлэнд 19 салбар нэгжээс ирүүлсэн модон эдлэл, төмөр болон чулуун хийц, суран эдлэл, эсгий, ноосон урлал зэргээс бүрдсэн 300 орчим бүтээлийг олон нийтэд нээлттэйгээр толилуулж байна.
Гар урлалаар дамжуулан хүмүүжигчдээр хөдөлмөр эрхлүүлэх, бүтээл туурвих нөхцөл боломжийг бүрдүүлсэнээр тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мэргэжил, хөдөлмөрийн дадал олгох, суллагдаад нийгэмд эргэн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын шинэ зорилго бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Мөн хүмүүжигчдийн бүтээлийг хямд өртгөөр захиалан хийлгэх боломжтой бөгөөд энэ нь эргээд өр төлбөр төлбөр барагдуулах болоод нэмэлт орлоготой болох, бизнесийн шинэ алхам хийх сэдлийг төрүүлэх давуу талтай.
Мөн тус албанаас энэ сарын 10-14-ны өдрүүдэд “Ухаарлаас мандсан нар” нэртэй хүмүүжигчдийн уран зураг, эсгий урлалын үзэсгэлэнг Монголын Үндэсний Номын санд үзэгч олон нийтэд үнэгүй дэлгэн үзүүлсэн юм. Гэр бүл, эх орноо хайрлах, ухаарал, уярал, нинжин сэтгэлийн мөн чанарыг таниулах зорилготой тус үзэсгэлэнд нийт 200 гаруй бүтээл ирсэнээс 100 гаруй бүтээлийг шалгаруулан тавьсан.
“Ухаарахуй, Урлахуй” үзэсгэлэн Монголын Уран Зургийн галерейд 2025 оны 6 дугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд иргэд олон нийтэд үнэгүй нээлттэй дэлгэгдэж байна.










Эх сурвалж: Ubn.mn