“УБТЗ” ХНН: МЭДЭГДЭЛ

0
d5ntm0_UBTZ_SHUUD_ASHIGLAKH_LOGO1_x974


Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр сэтгүүлчдийн өмнө мэдэгдэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойр тойрны хүрээлэл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар дамжуулан төрийн өмчийн компаниудаас мөнгө угааж иддэг” гэж хуулийн байгууллагаар шалгагдаж нотлогдоогүй худал хуурмаг онц ноцтой зүйл ярьсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн өөрийн халдашгүй дархан эрхээ хэтрүүлэн ашиглаж байгууллага, хувь хүний нэр төрд бүдүүлгээр халдах нь хуульд харш бөгөөд хуулийн хариуцлага хүлээх үйлдэл юм.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн үйл ажиллагаанд тус нийгэмлэгийн хувь эзэмшигч талуудын төлөөлөл оролцсон Шалган байцаах комисс, Монгол Улсын Үндэсний аудитын газар болон ОХУ-ын Тооцооны танхимын аудитын хамтарсан багууд тогтмол хяналт шалгалтыг хийдгээс гадна хараат бус олон улсын аудитын байгууллага жил бүр тус нийгэмлэгийн санхүүгийн тайланд дүгнэлт хийдэг юм.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэнг томилогдсоноос хойш өнгөрсөн 3 жилийн хугацаанд дээр дурдсан шалгалтуудаар “УБТЗ” ХНН-ийн санхүүгийн үйл ажиллагаанд ямар нэг алдаа дутагдал гараагүйг нотолсон юм.

Х.Хэрлэн нь УБТЗ-ын даргаар томилогдсон цагаасаа хойш авлига албан тушаалын гэмт хэрэг гарах боломжийг хааж, тус нийгэмлэгийн тээврийн орлогыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг сайжруулах талаар томоохон ахиц өөрчлөлтийг хийсэн юм.

Улс төрийн зорилгоор УБТЗ-ын удирдлагын нэр төрд халдаж гүжирдэх нь төмөр замчдын сэтгэл санааг үймүүлэн ажлын хариуцлага, сахилга батыг сулруулж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг алдагдуулж, хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулаад зогсохгүй хувь нийлүүлэгч талуудын болон хоёр орны хамтын ажиллагаанд үл итгэлцлийг төрүүлж болзошгүй тул УИХ-ын гишүүн С.Ганбаатар та улс төрийн зорилгоор байгууллага, хувь хүний нэр төрд халдаж, хүн гүтгэж байгаа хууль бус бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож уучлал гуйхыг шаардаж байна.

Хэрэв энэ бусармаг үйлдлээ зогсоож уучлал хүсэхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандах болно.

МОНГОЛ-ОРОСЫН ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН НИЙГЭМЛЭГ
“УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ”

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *