АРХАНГАЙ: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна

blobid1751852554528-686b260c58dff

Архангай аймгийн 14 сумын 135.100 га талбайд ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Судалгааны ажлын дүнгээр 3 төрлийн ойн хөнөөлт шавжийн голомт тархалттай 50.611 га талбайд тэмцлийн ажлыг хийх шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас тогтоосон.

Аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 31.9 мян.га талбайд гүйцэтгүүлж, ажлын явц 52 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр 51.5 мян.га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс үүний 28.0 мян.га талбайд агаарын хөлөг (онгоц), 23.5 мян.га талбайд үүргийн шүршигч болон дрон ашиглан тэмцлийн ажлыг хийхээр төлөвлөсөн.

Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэх ажлыг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн агаарын хөлөг, үүргийн шүршигч багаж ашиглан микробиологийн аргаар гүйцэтгүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгөөр “Гранд форест”, “Залуу төгөл”, “Томас эйр” ХХК-иудтай хамтран агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Ихтамир сумын ойн сангийн 25.0 мян.га талбайд гүйцэтгээд байна.

Мөн “Номин хангайн төгөл” ХХК Батцэнгэл, Өлзийт, Хайрхан сумын ойн хөнөөлт шавжийн тархалттай 2.5 мян.га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан тэмцлийн ажлыг хийжээ.

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглан Цэнхэр, Хотонт сумын ойн сан, томоохон голын ай сав дагуух навчит ойн 3.0 мян.га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг “Гранд форест” ХХК-аар гүйцэтгүүлсэн байна.

Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 8 суманд 10.4 мян.га талбайд 415.0 сая төгрөгийн санхүүжилтээр ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгүүлэхээр сумдын ИТХ-аар баталуулсан байна. Өнөөдрийн байдлаар Ихтамир сумын хэмжээнд 1400 га талбайд ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Тэгш дүүрэн ММОМ” ХХК, “ЕБЛА” ХХК-д химийн болон микробиологийн аргаар гүйцэтгээд байна.

Тэмцлийн ажлын гүйцэтгэл, үр дүнд Сум дундын ойн ангиуд, сумдын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагчид тогтмол хяналт тавин ажиллаж байна.

About Author