Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, эрхэмсэг ноёд, хатагтай та бүхэнд Эдийн засгийн форумын нээлтийн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Нарлаг Монгол Улсад минь тавтай морилно уу. Энэ өдрүүдэд Японы Цог жавхлант эзэн хааны айлчилж буй түүхэн үйл явдал тохиож байна.
Өнөөдрийн форумын нээлтийн үгээ нэгэн түүхээр эхлэх гэсэн юм. Эрдэмт мэргэн сартваахи, цэцэн билэгт гүүш Сэндэнжавын Дулам гуай “Монголын хүчирхэг оюун санаа дахин сэрсэн байхыг мэдэрлээ. Түүнийг дийлэх хүч дэлхийд хараахан үгүй билээ” хэмээн бичсэнийг уншаад сэтгэл ихэд хөдөлсөн. Энэ хоёр өгүүлбэрт өчигдрөөс өвлөгдсөн өнөөдөр, өнөөдрөөс залгах маргаашаа бүтээх эрч хүч, итгэл бишрэл, ирээдүй шингэснийг би ч бас мэдэрлээ. Аливаа улс орны ирээдүйг шинээр урган гарч байгаа ирээдүй хойч үе нь тодорхойлдог. Цаг хугацааны тодорхой үеийн дараа энэ хүч өөрөө сэргэж, буцаж ирдэг юмаа гэж хэлсэн. Үүгээрээ бид агуу Монголоо ахин “Агуутгая” гэж хэлж байна. Монголын хүчирхэг оюун санаа сэргэж байх үед, сэрсэн байх үед толгой дээрээ алттай сагс тавьсан эмэгтэй хүн тэр эзэнт гүрэн даяар ямар ч айх аюулгүй, чөлөөтэй зорчиж болдог гэж Жувенийн номдоо бичсэн байдаг.
МонголZ багийн цахим спорт, 3х3 сагсан бөмбөг, математик, байгалийн ухаан, шатар, оюун ухааны олимпиад, тэмцээнүүдэд манай залуу үеийнхэн дэлхийд цахиур хагалж үндэсний бахархлыг сэрээж байна. Үндэсний сэргэн мандлын шинэ давалгаа эрчтэй хүчтэй эхэллээ гэдэгт би ч бас итгэж байна.
Энэ бол Монголын ардчиллын ололт юм. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй залуучууд бол монгол хүн бол монголын үндэсний баялаг юм. Монголын өөрчлөлт шинэчлэлт бол хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Хүний хөгжлийн энэхүү бодлого монгол хүнийг хүчирхэг оюун санааг хөгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийг чиглэсэн цогц шинэчлэлийг бид үргэлжлүүлж хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт, манай Засгийн газар шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд төсвийн тодотголыг УИХ-д өргөн бариад батлагдах шатандаа явж байна. Засгийн газар илүү цомхон чадварлаг, хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тэргүүнд тавьсан үүрэг даалгавруудыг өгч ажиллаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс ирж яваа цагийн, эрч хүчтэй, ирээдүйн эзэн болсон хүчирхэг залуусын орон, хоёрдугаарт, өвөг дээдсээс өвлөсөн өргөн уудам газар нутаг, эрдэнэс баялагтай, эвийг эрхэмлэсэн улс, гуравдугаарт, эрх чөлөөт иргэдтэй, ил тод, нээлттэй нийгэм, тогтвортой, хариуцлагатай, ардчилсан засаглалтай төрт ёсны түүхтэй орон юм. Энэ гурван өгөгдөл бол Монголоо ахин “Агуутгах” их үйл хэргийн тулгын гурван чулуу юм. Агуу Монголоо ахин агуутгах үйл хэргийг үндсэн дөрвөн эрхэм зарчмыг ягштал баримтал байж бүтээнэ. Эдийн засгийн тогтвортой өсөлт, үндэсний хөгжлийг хангахад хүний хөгжил хамгийн чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас хүний хөгжлийн мега төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн зорилго нь боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тогтолцоог орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэ шатанд гаргахад оршино.
Манай улс газрын ховор элемент, зэс алтны төдийгүй газар дээр асар их баялагтай түүхтэй орон. Энэхүү баялагаа бид нээлттэй, үр ашигтай, харилцан итгэлцэлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих замаар байгалийн баялаг зөв ашиглах бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, аялал жуулчлалыг дэмжсэн солонгоруулсан эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлнэ.
Байгалийн болон газар дээрх баялаг бол хүний баялгаасаа хоёрт орох Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг тулгуур нь юм. Засгийн газар хүний хөгжлийг дэмжиж, байгалийн баялгаа зөв ашиглах нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Мөн засаглалын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр зорьж, төрийн албаны шинэчлэлийг эхлүүлэхээр болсон.
“Урьчихаад урдаг биш залчихаад заамддаг биш” гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагчид ээлтэй зарчмыг баримтална. Энэ бүх эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн нэг чухал асуудлыг онцолж хэлмээр байна. Энэ бол Энержетик Монголиа буюу “Эрчист монгол”. Монгол Улс эрчим хүчний маш баян нөөцтэй орон. Зөвхөн нар, салхины эрчим хүчийг ашиглан 2600 гегабайтын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж эрдэмтэд тооцоолдог. Эрчим хүчний салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ажлаа эхлээд явж байна. Тухайлбал, нарны зайн хураагуур болон нарны зайн эрчим хүч экспортлох хэмжээний төсөл хэрэгжиж байна. Ирэх наймдугаар сард нээлтээ хийнэ. Мөн хоёр ч цахилгаан станц ашиглалтад оруулахад бэлэн болсон.
Мөн Эгийн голын усан цахилгаан станцны төсөл хэрэгжиж эхэлнэ.
Ийм учраас Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлж байна. Мөн эдийн засгийн бүтэц дотор дижитал пост буюу цахим өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Цахим хөгжлийн яам 24 цагийн дотор аж ахуйн нэгжүүдийг бүртгэдэг болох үүрэг хүлээж байна. Ингэснээр ард иргэддээ түргэн шуурхай, нээлттэй, ил тод үйлчилгээ үзүүлдэг шилжилтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Түүнээс гадна Улаанбаатар хотын шинэчлэлийн 10 томоохон төслүүдийг эхлүүлж байгаа. Түүний зэрэгцээ Хархорин хотыг шинээр байгуулах ажлыг бодлогын түвшинд эхлүүлж байна. Эдгээр төсөл, хөтөлбөрт та бүхнийг чөлөөтэй, нээлттэй оролцохыг уриалж байна. Засгийн газрын хуралдаанаар дээрх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчмыг тогтсон. Тухайлбал, хөрөнгө оруулагчдад хариуцлагатай, таатай орчныг бүрдүүлэх, өрсөлдөх чадвартай байх, татвар орчныг өрсөлдөхүйц болгох чадварыг дэмжиж өгнө. Мөн цахимаар хиймэл оюун ухаан буюу орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж бизнес эрхлэгч, ард иргэддээ ээлтэй төрийн үйлчилгээ бий болгохыг зорино.
Энэ бүхэн бол “5ПИ” гэж тодорхойлж болох юм.
Одоо урьдчилан хөрөнгө оруулагчдадаа бизнесийнхэндээ гэнэтийн сюрприз барьдаггүй ярилцаж хэлэлцдэг механизмыг бий болгосон. Энэ бүх чиглэлүүд бол зөвхөн яриа биш. Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсгүүд, шуурхай багуудыг томилж, эдгээр өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлэх үүрэг даалгаврыг бүх сайд нар биелүүлнэ. Ойрын 10 жилд бид эдийн засгаа хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах зорилт дэвшүүлж байна. Ингэснээр үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлнэ гэдгийг мэдэрч байна.
Өнөөдрийн эдийн засгийн форум чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэндээ мега 14 төслийн хэрэгжилтийн явцыг товч танилцуулья. Бодитой ажил буйг онцлон тэмдэглье. Энэхүү 14 мега төслийг хүлээгдэж буй үр нөлөөгөөр нь эрэмбэлсэн.
Нэгдүгээрт, тээвэр ложистикийг дэмжихэд чиглэсэн төслийг, хоёрдугаарт, дотоодын үйлдвэрлэл, түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийг эрэмбэлж байна. Ган, төмөрлөгийн болон зэсийн үйлдвэрлэлийн суурийг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн нефть, химийн салбарын хөгжих шинэ боломжийг нээнэ. Мөн эрчим хүчний тогтвортой байдлыг хангана. Тухайлбал, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцыг бүтээн байгуулалтыг эхлүүлэх бол ирэх сард Сэлэнгэ, Тосонцэнгэлийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд Монгол Улсын эрчим хүч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй эрчим хүч экспортлогч орон байх зорилтыг ойрын 5 жилд хэрэгжүүлж чадна.
Түүний дараа нүүрс, хийн кокс, химийн цогцолборыг ашиглалтад оруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү 14 мега төслөөс гангийн болон зэсийн үйлдвэрийг хөгжлийн тулгуур багана хэмээн онцгой ач холбогдол өгч байна.
Бид Гашуун сухайтын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг мөн хэрэгжүүлээд эхэлсэн. Мөн нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр тохирсон. Мөн Тавантолгойн цахилгаан станцын бас асуудал шийдэгдэнэ. Улаанбаатар хотод Тавдугаар цахилгаан станцыг барих асуудлыг энэ жилдээ багтаан шийдвэрлэнэ. Ийнхүү эрчим хүчний төслүүд бодитой хэрэгжиж боломжтой боллоо. Монгол Улсад итгэж хөрөнгө оруулахаар хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа улам хөгжин цэцэглэж, Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.