НИТХ: 200 гаруй тэрбумын төсөвтэй дүүргийн засаг дарга нарыг ажлаа хийхийг сануулав

15 цаг 10 минут
2025.07.08
НИТХ-ын Ээлжит IV хурлаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны гүйцэтгэл хэлэлцэх үеэр НИТХ-ын Төлөөлөгчид Нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нарыг шүүмжиллээ.
НИТХ-ын Төлөөлөгч О.Зундуйдорж:
“Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотын төсвийн асуудлыг тодотгож байна. Төсөв санхүүг захиран зарцуулж байгаа хүмүүс дүүргийн Засаг дарга нар. Бүгд тэрбумтан болсон. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 240 тэрбум, Хан-Уул дүүргийн Засаг дарга 200 тэрбум, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 193 тэрбум төгрөгийг захиран зарцуулж байна. Өвөл удахгүй хаяанд ирлээ. Одоо үер ус хэцүүднэ. Иргэд нь НИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга нараас хариуцлага нэхдэг. Гэтэл хог, ус, зам, утаа, цэцэрлэг, сургуулийн хүртээмж бүгд дүүргийн Засаг дарга нарын хариуцаж хийх ажил. Нийслэл болон Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Дүүргийн Засаг дарга нар хуралдаа ирж суух хэрэгтэй байна, төсвийн зарцуулалтаа иргэдэд болон Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллагадаа ирж танилцуул” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр цаашид Ээлжит болон Ээлжит бус хуралдаанд 9 дүүргийн удирдлага сууж иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг үүрэг болголоо.
15 цаг 06 минут
2025.07.08
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг:
“Улаанбаатар хотод 117 блок барилгын дулаалгын ажил энэ жил хийж байна. Дүүргүүд рүү дулаалгын ажлыг мөнгийг шилжүүлсэн. Он дуустал 205 байшинг дулаална. Германы хамтын нийгэмлэг ОУБ, БХБЯам, захирагчийн ажлын албаны нийт 32,5 сая еврогоор 2022-2027 он хүртэл УБ хотын 1077 блок дээр дулаалга хийхээр төслийн ажил хэрэгжиж байна.
Энэ ажил бүрэн хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дулаан алдагдал 67 кк цагаар буурна.
14 цаг 06 минут
2025.07.08
Нийслэлд хийж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваалай танилцууллаа.
“Нийслэлд 2025 онд улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 5.9 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй бүтээн байгуулалтын ажлыг хийгдэж байна. Үүнээс 80.1 хувь буюу 4.4 их наяд төгрөг нь нийслэлийн төсөвт, 11.9 хувь буюу 0.7 их наяд төгрөг нь улсын төсөвт тусгагдсан бөгөөд 8 хувь буюу 0.5 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий төсөл арга хэмжээг гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Салбараар нь ангилбал, хот байгуулалт дэд бүтцийн салбарт 48.9 хувь, авто зам замын байгууламжид 26.3 хувь, нийтийн тээврийн салбарт 8.3 хувь, боловсролын салбарт 6.7 хувь, төрийн үйлчилгээний салбарт 5.7 хувь, эрүүл мэндийн салбарт 2.8 хувь, хот нийтийн аж ахуйн салбарт 2.1 хувь, бусад салбарт хоёр хувь байна.
Худалдан авах ажиллагааны эрх шилжүүлж гүйцэтгэж буй ажлын тухай танилцуулбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар нийт 12.2 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 5.2 их наяд төгрөгийн төсвийн санхүүжих дүнтэй, 581 төсөл арга хэмжээний эрхийг нийслэлийн нутгийн захиргааны 23 байгууллагад шилжүүлсэн.
Гэрээ байгуулсан 160, гэрээ байгуулах эрх олгосон 204, тендерийн үнэлгээ хийж байгаа 50, тендерийн материал хүлээн авч байгаа 39, худалдан авах ажиллагааны шатанд 128 төсөл арга хэмжээ байна. Тендер шалгаруулалтын зарлалт 97.4 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас 364 төсөл арга хэмжээнд гэрээ байгуулах эрх олгож, үр дүн гарсан нь 72.5 хувийг эзэлж байна.
Авто замын салбарын тухайд, 83 байршилд зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх 1231 км замын арчлалт хийх, 12 байршилд 17 км борооны ус зайлуулах байгууламж шинээр хийх болон засварлахаар төлөвлөсөн. Үүнээс 39 байрлалд 81.7 км авто зам 1.5 км гүүрийн ажил хийж байгаа бөгөөд худалдан авах ажиллагааны шатанд 5, хэрэгжих шатанд 25, дууссан 6, төслийн хүрээнд 3 төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дугуйн замын тухайд замын зорчих хэсэг болон явган замын эгнээний судалгааг хийж, үүний дагуу зарим байршлуудад дугуйн зам нэмэхээр үе шаттай гүйцэтгэж байна. Ингэснээр иргэд унадаг дугуй болон хоёр дугуйт тээврийн хэрэгсэл зорчих аюулгүй орчин бүрдэнэ.
Явган замын хувьд, нийслэлд 15 байршил дээр 59.6 км урт 215.397 м.кв талбай бүхий талбайг байгалийн чулуун хавтангаар явган хүний зам болгон шинэчилж байна. Дээрх 15 байршилд Гэрээ бүрэн байгуулж, ажил эхэлсэн бөгөөд 31 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн энэ жил нийт 94 төслийн хүрээнд 4538 нэгж талбарын газрыг чөлөөлж, үүнээс 2834 нэгж талбараас 16.44 га талбайг чөлөөлж, 98.89 тэрбумын нөхөн олговрыг олгоод байна.
Боловсролын салбарт нийт 139 барилга байгууламж барьж байгаагаас 2025 оны эхний хагас жилд 4 сургууль, 5 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон байна. Цаашлаад 2025 оны жилийн эцэст 24 сургууль, 45 цэцэрлэг, 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал ашиглалт оруулна. Мөн 177 барилгад 27.1 тэрбумын засвар хийж байна.
Эрүүл мэндийн салбарт, 245.3 тэрбум төгрөгийн 10 шинэ барилга байгууламж, 11.3 тэрбум төгрөгийн засварын ажил, 28.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, нийт 104 төсөл арга хэмжээ 36 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн төслийн 1, 2 дугаар багцад гэрээ байгуулж, 3, 4 багцыг нийт 5 багц болгож, худалдан авах ажиллагаа тендерийг нээлттэй зарлаад байна.
Туулын хурдны замын ажил 2025 оны зургадугаар сарын 27-нд тендерийн нээлтээ хийж, амжилттай үнэлгээний шатанд явна.
Эмээлтийн аж үйлдвэрийн парк болон Хүннү хот цэвэрлэх байгууламжийн ажил худалдан авах шатандаа явж байна.
12 цаг 02 минут
2025.07.08
НИТХ-ын Ээлжит IV хуралдаан болж байна. НИТХ-ын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал,
- Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
- Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай,
- Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- “Улаанбаатар кабел кар” ОНӨТҮГ байгуулж, дүрмийг батлах тухай зэрэг 13 асуудал хэлэлцэнэ.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fkhural.ulaanbaatar.mn%2Fvideos%2F747165821335261%2F&show_text=false&width=560&t=0