ГОЛ ДҮР: Хайрлагдсан Гавьяат

516345337_739025138591490_492908425525820434_n

Хотол түмнээрээ хүсэн хүлээсэн Гавьяатаа монголчууд өчигдөр төв талбай, төрийн ордныхоо өмнө нүргээ хадаан уухайлсаар угтлаа. “Бямбацогт Бямбацогт” хэмээн нүргэлэх олны түрлэгт ундаагаа зараад дугуйгаа жийж явсан эмээ хүртэл хүч нэмж, ажлаа зогсоогоод алгаа ташин уухайлж харагдав. Салхи Дамбий өчигдөр ёстой л нэг монгол түмнийхээ сэтгэлийн салхийг сэвэлзүүлж, эвийн галыг өрдөв.

Жил жилийн шагнал бүрээр жирийн олон монголчууд түүний энгэрт Гавьяатын одон гялалзаж байхыг үзэх гэж төрөөс гавьяаг нь нэхсээр цөөнгүй наадмыг бид үдсэн. Түмэн олон уухайлан түрж, уулгалан давлагаалсаар олны хүслээр төр гараа сунгаж, өчигдөр түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолыг олгов. Тэр гавьяат горилоогүй ч гавьяа нь түүнийг энэ өдөрт хөтөлснийг түмэн олон ч, төр ч үзэв. Түүний анхны киноны дүр мухар хуруут Базар, Салхи Дамбий, Ноён солиот гээд бүтээсэн дүр бүр нь олны сэтгэлд амьтай оршиж, уудалж, ухааруулж, уучлуулж энэ өдөртэй монголчууд уухай хадаан золгож буй нь энэ.

Тэр алтан тайзнаасаа халирч бусраагүй, рекламанд тоглож дүрээ үнэгүйдүүлээгүй, үзэгчдэд үнэлэмжийн хэмжүүрийг өндөр тогтоож, залуу үедээ залуур болох зарчимч жүжигчин байсаар ирсэн.

“Хун цагаан машин ирнэ ээ гэж хэлээ биздээ. Ирдэг юм шүү” гээд хун цагаандаа суугаад театрынхаа зүг хөдөлж буй агшныг нь монгол түмэн хайрлан түгээж, хун цагаан машин шиг сайн сайхан ирнэ хэмээн бэлгэшээсээр хүсэн хүлээсэн гавьяатаа угтан авлаа хотол монголчууд. Тэр Ноён солиотын хэлдгээр хал цэргийн гутал шиг тас хар машинаар ирээд Гавьяатын тэмдгээ энгэртээ гялалзуулан хун цагаан машинд суугаад явлаа.

Эх сурвалж: Ubn.mn

About Author