“12 жилээс дээш насжилттай машиныг жуулчин тээвэрт явуулахаар мэргэжлийн холбоо нь ЗТХЯ-тай зөвшилцсөн ч байцаагч нар олон цагаар зогсоож байна”

Монгол Улс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр зорин ажиллаж буй.
Үе шаттай олон арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд манай улсыг зорих жуулчдын сүүлийн жилүүдэд тогтмол өсөж байлаа. Гэвч энэ жилийн тухайн мэдэгдэхүйц буурч байгааг Солонгосоос жуулчид авчирч, Монголоор аялуулдаг компаниас мэдээлэв.
Манай редакцад хандсан тус компанийн төлөөлөл “Жуулчдын тоо буурахад дотоод болон гадаад олон хүчин зүйлүүд байгаа. Ялангуяа төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй, нэгнээ үгүйсгэсэн байдал нь голлох шалтгаан болж байна. Тухайлбал хол замд жуулчин тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийг зогсоож, хууль дүрмээр нэр барьж олон цагаар хөдөлгөөн хорьдог нь түгээмэл боллоо.
Жуулчин тээвэрт 12 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслүүдэд Автотээврийн Үндэсний Төвөөс зөвшөөрөл олгохгүй гэсэн тул Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос компаниудтай гэрээ хийж, сургалт зохион байгуулан зөвшөөрөл өгч, Зам, Тээврийн Яамтай зөвшилцсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр улсын байцаагч нар зам дээр зогсоож хууль бус гэж үзэн хөдөлгөөн хориглож, компанийг өндөр дүнгээр торгоно, жолоочийн бичиг баримтыг хураана, тээврийн хэрэгслийг журамлах арга хэмжээ авна гэж сүрдүүлэн үл ойлголцлыг үүсгэж байна” гэв.
Жуулчны маршрут нь цаг хугацаатай хөтөлбөрийн дагуу явдаг бөгөөд багахан саатал гарахад маршрут өөрчлөгдөх, уртасгасан цагаар аяллаа үргэлжлүүлэх зэрэг олон асуудал урган гардаг байна. Хамгийн чухал нь аюулгүй байдалд маш өндөр эрсдэл дагуулдаг гэдгийг аялал жуулчлалын компаниуд тодотгож байна.
“Гадаад жуулчид байгалийн үзэсгэлэнт газруудаар явдаг тул хоноглох газрууд нь төв суурин гэхээсээ хөдөө хээр ихэвчлэн байрладаг тул замын нөхцөл байдал сайнгүй, цаг нартай уралдаж байдаг. Гэтэл энэ байдлыг байцаагч үл ойшоон өөрсдийн үзэмжээр хэдэн цагаар зогсоож, зарим үед тээврийн хэрэгсэл сольж явахыг шаарддаг зэргээр дарамт үзүүлж байна. Ялангуяа Дундговь аймгийн постон дээр сүүлийн хоёр жилийн турш ийм байдал нэлээд гарч, олон аяллыг эрсдэлд оруулсан. Энэ жилээс говь руу чиглэсэн жуулчдын тоо эрс багассаны нэг шалтгаан нь энэ юм” хэмээн манайд редакцад хандсан эх сурвалж хэллээ.
Түүнчлэн тэрбээр “12 жилээс бага насжилттай жуулчин тээврийн хэрэгсэл нь аяллын ид ачааллын үед хүрэлцэхгүй бөгөөд машин байхгүй гээд жуулчдын хүлээн авахгүй байх нь зохимжгүй. Мөн жуулчин тээвэр нь улирлын чанартай учир хагас жилийн орлогоор жуулчинд явах хүний нөөц дутмаг байдаг. Энэ зэрэг асуудлыг дэмжиж зохицуулах ёстой байтал хууль дүрэм барьж цагдан хорьж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Энэ асуудал нь жижиг мэт боловч цаагуураа маш их муу үр дагавруудтай байна” гэлээ.