Хохирогчийн аав: Хүүгийн минь нүүрэнд гэмтээгүй, хугараагүй яс байхгүй

Энэ сарын 18-19-нд шилжих шөнө “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд улстөрчдийн хүүхдүүд болон том групп компаниудын эздийн хүүхдүүд оролцсон зодоон болсон. Тус зодооны хохирогч Д.С нүүрэн тус газартаа цохиулж, бусдад бүлэглэн зодуулж, одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Зодоон юунаас болж үүсэв?
Зодооны эхлэл Ц.Санжаачойпэлийн найз охиныг “хоргоож, эргүүллээ” гэх шалтгаанаас үүдсэн гэв. Тухайн үед байсан, маргааны шалтгаан болсон охин бидний мэдэх “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч юм.
Ямартай ч шөнийн цэнгээний газрын гаднах камерийн бичлэгт, Ц.Санжаачойпэл түрүүлж хохирогч С-ийг хүчтэй цохин унагаж буй нь бичигдсэн байна.
Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууцын хүрээнд ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Хохирогчийн ар гэрээс сошиал орчинд нийтлэгдсэн 40-50 хүнийг хамарсан зодоон гэх мэдээллийг мөн л үгүйсгэсэн юм.
Хэргийн гол сэжигтнүүд хэн байв?
Улстөрчдийн хүүхдүүд болон том групп компаниудын эздийн хүүхдүүд оролцсон зодооны хэргийн хамгийн гол хоёр сэжигтэн болох Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон. Тэдний цагдан хорионы хугацаа өнөөдөр дуусна.
Харин гурав дахь сэжигтэн болох “Таван богд групп”-ын захирал Ц.Баатарсайханы хүү Амарсайхан долоодугаар сарын 20-ны өдөр хил давжээ. Тэрбээр энэ сарын 27-ны өдөр эргэж ирнэ хэмээн мэдүүлээд гарсан байна.
Б.Амарсайхан нь “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Хохирогчийн аав: Хүүгийн минь нүүрэнд гэмтээгүй, хугараагүй яс байхгүй. Нүдний цаад талын аяганы яс нь уначихсан. Энэ хамгийн том асуудал болоод байна
Бид хохирогч С-ын аавтай холбогдож хүүгийнх нь биеийн байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр, “Хүүгийн минь нүүрэнд гэмтээгүй, хугараагүй яс байхгүй. Нүдний цаад талын аяганы яс нь уначихсан. Энэ хамгийн том асуудал болоод байна. Маш их өвдөлттэй байгаа. Эмч нарын ачаар амь насны аюулаас холдлоо” гэв.
Эх сурвалж:Zuv.mn