Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарыг “ажлаас” нь халъя!

Хаврын чуулган энэ оны гуравдугаар сарын 15-нд эхэлж, наадмын өмнө буюу энэ сарын 9-нд хаалтаа хийсэн. Энэ хугацаанд экс Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд ганц удаа ч суугаагүй байна. Харин тэрбээр Л.Оюун-Эрдэнийг огцордог шөнө Төрийн ордонд ирсэн, мөн хаалганд “сүүлээ хавчих нь” холгүй зугатаж байгаа нь бичлэгт үлдсэн.
Чуулганы хуралдаандаа суу гэж ээж нь загнаад байгааг ярьж суусан экс Ерөнхийлөгч эхийнхээ үгэнд ороогүй бололтой. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа үүрэгт ажлаа хийгээгүй, сонгогчдынхоо өгсөн итгэлийн хөсөрдүүлсэн хэвээрээ байгаа юм. Хэрэвзээ хэн нэгэн хүн ажлаа ингэж тасалбал халагдана. Харин Монголын улстөрчдийн хувьд даабль стандарттай дархан эрхтэй хүмүүс.
Түүнчлэн чуулганы хуралдаанд суудаггүйгээрээ зартай экс Ерөнхийлөгчийн шийрийг экс Ерөнхий сайд хатааж байгаа аж. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанаас хамгийн их чөлөө авснаараа хоёрдугаарт бичигджээ. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга 12 удаа чуулган хуралдахад гадаадад байгаа гэх шалтгаанаар хаврын чуулганд нэг ч удаа суугаагүй аж. Харин экс Ерөнхий сайд хаврын чуулганы 12 удаагийн хуралдааны 11-т нь чөлөө авчээ.
Угтаа УИХ-ын гишүүн болно гэдэг нь эрх ямба, онцгой эрх эдэлсэн гэсэн үг биш юм. Тэд бол ард түмнийг төлөөлж төрийн ордонд сууж байгаа. Тэр ч утгаараа биднийг төлөөлж үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж иргэдэд ээлтэй хууль, дүрэм, журам санаачилж батлах үүрэгтэй.
Хаврын чуулганы 12 удаагийн хуралдааныг огт таслаагүй бүрэн оролцсон 38 гишүүн байгаа аж. Харин Р.Эрдэнэбүрэн, Н.Алтанхуяг, С.Одонтуяа, П.Мөнхтулга, Ц.Туваан нарын гишүүд 12 удаагийн хуралдааны долоод нь огт оролцоогүй байна.
Эх сурвалж:Nnews.mn