С.Цэнгүүн: УИХ гишүүд ямар нэг “жижиг” төсөл хөтөлбөрт уягдалгүй шаардлага, хяналтаа тавь. Засгийн газар бүтэн хариуцлагаа үүрч, төсвөө УИХ-д танилцуул

с.цэнгүүн

Тойргийн гишүүдэд тус бүрт нь 15 тэрбум төгрөг хуваарилах гэж байна гэх мэдээллийг өчигдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара мэдэгдсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Өнөөдөр УИХ-ын гишүүд ЗГ-т хөрөнгө оруулалтын талаар санал өгөх сүүлийн өдөр. Гэхдээ тойргийн гишүүдэд хамааралтай бөгөөд дүн нь 15 тэрбум хүртэл.

МАН-ын бүлгийн чатанд Даваа гаригт энэ талаар сануулсан мессеж ирсэн цагаас эхлэн ЗГ-ын чиг үүрэг, төсвийн үрэлгэн байдал, Парламентын гишүүний үүрэг, Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалт, Эрх мэдлээ ашиглан давуу байдал үүсгэж буй байдлыг таслан зогсоох ёстой гээд олон талаас нь бичсэн боловч тойргийн гишүүд маань “байх ёстой зүйл” хэмээн мэтгэж, тойргийн иргэдийнхээ саналыг “уламжлах” үүрэг төдийгөөр тайлбарлав. Сүүлдээ жагсаалтын гишүүдийг 2,5 тэрбум төгрөгийн Хөрөнгө оруулалтын санал бичиж ирүүлж болно хэмээн Засаг дарга нарт хэлж (бидэнд огт энэ талаар мэдэгдээгүй шүү), тэднээс олон санал, хүсэлт ирэх боллоо. Тиймээс өчигдөр бүх гишүүдийн групп дээр энэ талаар бичиж Мөнхтөрийн Нарантуяа-Нара гишүүний хэлдгээр шүгэл үлээв” гэх байр суурийг илэрхийлсэн байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “УИХ гишүүн цэцэрлэг, эмнэлэг, зам барьдаг хүн биш. Сонгогч нартаа үнэнээ хэлье. Яг л ингэж жил болгон төсвөө жижиг эрх ашгуудын нэгдэл болгож баталсаар байгаад нэгдсэн төлөвлөлтгүй, хяналтгүй данхгар төсөвтэй боловч аль ч салбарт нь тэр мөнгө нь хүрдэггүй улс болсон шүү дээ.

Тойргоос сонгогдоогүй учраас ойлгохгүй, хөрсөндөө буу гэж гишүүд намайг бас шүүмжилж байгаа. Гэхдээ ийм л байж ирсэн гээд өмөөрөөд байгаа систем нь Монгол Улсыг асар ихээр хохироож байхад өөрчлөх талд нь зогсож чадахгүй юм бол УИХ гишүүн байх хэрэг юун.

2026 оны төсөв асуудлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлсэн, Засгийн газрын давхардсан бүтцүүдийг татан буулгаж цомхотгол хийсэн, татвар буулгах орон зайг эрэлхийлсэн “жижиг төсөв” байх шаардлага миний хувьд тавьж байгаа.

Энгийн зарчим: Засгийн газар бүтэн хариуцлагаа үүрч, төсвөө УИХ-д танилцуул. УИХ гишүүд ямар нэг “жижиг” төсөл хөтөлбөрт уягдалгүй шаардлага, хяналтаа тавь” гэлээ.

About Author