Сурвалжлага: Улаанбаатар утгаараа Готам болжээ

zam-zaswar-4-810x500

2025.07.29. Өдрийн 13:30 цаг.

Наадмын дараа намар иржээ. Намрын шар наранд Улаанбаатар уйтай харагдана. Тоос шороонд дарагдсан нийслэл  хот нэг  тийм саарал өнгөтэй болчихож. Саарал гудамж, саарал байшин, саарал хувцастай хотын дарга.

Энд тэндгүй шороо овоолж, хавтан овоолсон гудамж талбай хаа сайгүй. Эвдэрч муудаагүй зам, талбайг хуулж, хятад хавтангаар солих “ажиллагаа” Улаанбаатарт ид өрнөж байна. Үүний цаана татварын төлөгчдийн чамгүй мөнгө урсаж байгаа даа гэсэн харамсангүй бодол толгойд зурсхийнэ.

Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбайг хүртэл явган хүний замыг хуулж, шинээр сольж эхэлжээ. Нэгэн ижил өнгөтэй, хятад хавтангаар нийслэлийн гудамж талбайг сольсноор Улаанбаатар гоё харагдана гэж ямар чөтгөр нь хотын дарга Х.Нямбаатарт шивнэчихснийг мэдэхгүй. Ямар ч байсан асар их мөнгөөр нийслэлийг гудамж талбайг шинэчилж байгаа нь илэрхий харагдах. Том том шуудайтай цемент, онгорхой муу усны нүх, овоолсон шороон дундуур алхах иргэд амандаа хараал урсгах нь сонсогдоно. Авто машины замаар ч алхаж яваа хүмүүс цөөнгүй байлаа.

“Дайнд сүйрсэн орон биш дээ, зүгээр байсан явган замыг хуулж, шинэчлэх ямар шаардлага байна вэ” гэж 50 орчим насны М.Цэрмаа бухимдлаа гаргалаа. Эмэгтэй “Нэг хэсэг нийслэлийн бүр бродюрыг сольсон. Одоо явган хүний бүх замуудаа хуулахаар шийдсэн бололтой. Монголын дарга нар зам, талбай шинэчлэх нэрээр мөнгө угаадаг. Улаанбаатар утгаараа Готам хот болж, хотын дарга Х.Нямбаатар жокерийн дүрд хувирлаа” гэж шоглонгуй хэлээд ажил руугаа яаран алхсан.

Тэгвэл иргэн Н.Шүр “Өнгөрсөн жил засаад дууссан замыг дахин ухаж янзалж байгааг ойлгохгүй юм. Нийгмийн даатгал, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий үрээд байна. Бодлоготой, судалгаатай, хариуцлагатай ажиллаасай. Явган хүний замд зарцуулж буй төсвийн мөнгөөр хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд нь анхаарч, сургууль, эмнэлгийг хүртээмжтэй  болгомоор санагддаг. Бродюр болон зам засч байгааг харахад Монгол мөнгөгүй биш асар их мөнгөтэй байна. Харин үүнийгээ зөв зарцуулж чадахгүй байна” гэв.

Шинээр засаж байгаа замууд нь эхнээсээ хагарсан байгааг Б.Хулан шүүмжлэв. Тэрбээр МУИС-д сурдаг аж. “Улаанбаатарын гудамж талбай муу биш, гэтэл нэг ижил хавтангаар сольж байгаа нь онцгүй харагдаж байна. Мөн явган хүний замыг сольж байхаар эрчим хүчний эх үүсвэр барьчихвал хүмүүст хэрэгтэй. Ус нь тасардаг, лаа барьдаг байж, явган хүний замыг шинэчлээд яах вэ дээ. Манай хотын дарга нар зам засах нэрээр мөнгө иддэг бололтой. Яасан ч улс орноо боддоггүй хүмүүс юм. Хавдарын ганцхан эмнэлэгтэй, тэр нь хүрэлцээ муутай байтал замаа л засаад, ухаад төнхөөд, дахиад засаад байх юм. Би сургуулиа төгсөөд гадаад явна. Энд залуус бидэнд сайхан амьдрах боломж алга. Залуус бидний сайхан амьдрах боломжийг зам засах нэрээр дарга нар хулгайлдаг. Үүнд гомддог бас уур хүрдэг” гэлээ. Түүнтэй хамт явсан найз нь мөн Монголын авлига, хулгайгаас залхаж байгаагаа нуусангүй.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 59.6 километр явган  замыг шинэчлэхээр төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд Улаанбаатар хотын 15 байршилд явган хүний зам засаж, шинээр тохижуулж байгаа гэнэ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө,  Олимпийн гудамж, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу зэрэг 15 байршилд нийслэлээс явган зорчигчийн замыг шинэчлэх ажил ид өрнөж байна.

Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй буюу алхахад саад болохгүй. Мөн  дугуй болон скүүтэр зэрэг цахилгаан хэрэгсэлтэй зорчигчдод зориулсан хэмжээтэй байна гэв. Гэвч хятад хавтангуудыг нүдээр харахад өвөл халтиргаа, гулгаа үүсгэх магадлалтай санагдсан. Эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн хот Улаанбаатарын өвөлд хятад хавтангууд хэр тэсвэртэй байхыг хэлж мэдэхгүй. Гэвч эвдрэл, гэмтэлгүй замуудыг хуулж, нэг ижил саарал хавтангаар сольж байгаад иргэд бухимдалтай байна. Явган хүний замыг шинэчлэхээс өөр олон асуудал байхад зам, бродюртай л ноцолдсоор хоёр жил боллоо, хотын дарга аа гэж хотын иргэд чинь үг дамжуулж байна лээ шүү.

Хэдийгээр хотын захиргаа бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгааг мэдэгдэж байгаа ч тухайн ажлын гүйцэтгэл, иргэдийн аюулгүй байдал, явган хүний тав тухтай орчныг бүрдүүлэхэд дорвитой ахиц харагдахгүй байгааг дээрх иргэдийн яриа гэрчилж байна.

Эх сурвалж:Nnews.mn

About Author