Хоёрдогч түүхий эд худалдаалж буй 188 байршилд шалгалт хийж байна
Нийтийн эзэмшлийн зам талбай буюу зориулалтын бус газарт авто засвар, дугуй засвар, авто угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус шалгалт хийж байна.
Энэ үеэр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, орц гарцыг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайсыг чөлөөлөх шалгалтын ажлыг эрчимжүүлж байна.
Энэ хүрээнд ялангуяа авто зам дагуу байрладаг авто засвар, дугуй засвар, авто угаалгын газрууд, хоёрдогч түүхий эд худалдаалдаг ААНБ нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг зөрчил түгээмэл илэрч байна.
Иймд газраа дур мэдэн өргөтгөж, зориулалтын дагуу ашиглахгүй байгаа зөрчлүүдэд улсын байцаагчийн хугацаатай үүрэг даалгавар өгөн ажиллаж байна” гэв.
