Олон улсын шинэ агаарын коридорууд

Blog-feature-Website-size-1200-x-628-px-5

Сүүлийн жилүүдэд геополитикийн өөрчлөлт, эдийн засгийн шинэ стратеги, байгаль орчны шаардлага зэрэг хүчин зүйлс нь олон улсын агаарын тээврийн коридоруудыг дахин тодорхойлон төлөвлөхөд хүргэж байна. Улс орнууд тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулах, цаг хугацаа болон зардлыг хэмнэх зорилгоор шинэ агаарын коридоруудыг нээн, өргөтгөх алхмуудыг эрчимжүүлж байгаа нь логистикийн салбарт ихээхэн нөлөө үзүүлж эхэллээ. 

Геополитикийн нөлөө ба шинэ чиглэлүүд 

ОХУ-ын агаарын орон зайг Европын олон улс ашиглах боломжгүй болсноор Ази–Европ чиглэлийн уламжлалт агаарын коридорууд саатаж, шинэ чиглэлүүд зайлшгүй шаардлагатай болсон. Үүний үр дүнд Төв Азийг дамнасан нислэгийн замууд (Казахстан, Узбекистан, Монгол зэрэг орно) стратегийн хувьд онцгой ач холбогдолтой болж, Ойрх Дорнодын улс орнууд (Дубай, Катар, Саудын Араб) шинэ тээврийн төв болон төлөвших хандлага эрчимжиж байна. Энэ нь дэлхийн агаарын тээврийн шинэ тэнхлэгийг бий болгож буй томоохон өөрчлөлт юм. 

Ачаа тээврийн урсгалын өөрчлөлт 

Нислэгийн шинэ чиглэлүүд нь зөвхөн зорчигч тээвэрт бус, ачаа тээвэрт ч гүнзгий нөлөө үзүүлж байна. Ялангуяа тээврийн хугацааг (transit time) богиносгож, нийлүүлэлтийн сүлжээг илүү найдвартай, тогтвортой болгоход чухал үүрэгтэй. Мөн ачаа дахин ачих төвүүд (cargo hubs)-ийн үүргийг эрчимжүүлснээр бүс нутгийн тэнцвэртэй тээврийн экосистем бүрэлдэн тогтох нөхцөл бүрдэж байна. 

Монгол Улсын боломж ба шаардлага 

Монгол Улс Европ–Ази хоорондын агаарын тээврийн шинэ коридорын стратегийн бүсэд байрладаг онцлог давуу талтай. Үүнийг бүрэн дүүрэн ашиглахын тулд дараах чиглэлээр цогц арга хэмжээ шаардлагатай байна. Үүнд: 

  • Шинэ нислэгийн зам нээх эрх зүйн болон техникийн зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Транзит тээврийн олон улсын гэрээ, зохицуулалтыг сайжруулах
  • Ачаа тээврийн төв (cargo logistics center)-ийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, түншлэлийг татах 

Дээрх чиглэлээр зохих алхмуудыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс бүс нутгийн тээвэр-ложистикийн сүлжээнд оролцоогоо нэмэгдүүлж, урт хугацааны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэх боломжтой.

About Author