О.Батхүү: Иргэн байраа зарсныхаа төлөө өндөр татвар төлөх ёсгүй
Хуульч О.Батхүү өнөөдөр /2025.08.18/ үл хөдлөх хөрөнгийн татварын тухай холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би цахим өргөдлийг гурав хоногийн өмнө гаргасан. Одоогоор цахимаар 7000 орчим иргэн дэмжиж гарын үсэг зураад байна. Өргөдлийн гол утга агуулга нь иргэн хүн үл хөдлөх хөрөнгөө зарахад улсаас хоёр хувийн татвар авч байгааг шударга бус гэж үзэж байгаа юм. Учир нь татвар төлж байгаа иргэдийн олонх нь өөрсдийн орон байраа томруулах, зайлшгүй мөнгөний хэрэгцээ гарсан үедээ эд хөрөнгөө зарж борлуулж байгаа. Гэтэл улсаас иргэдийг ашиг олж байна гэж үзээд хоёр хувийн татвар авч байгаа нь буруу юм. Тийм учраас холбогдох хуульд өөрчлөлт оруулах гэсэн юм. Жишээлбэл, нэг иргэн зээлээр хоёр өрөө байр худалдаж авлаа гэж бодьё. Хэдэн жилийн дараагаа ам бүлийн тоо нэмэгдэж, байраа томруулахаар 150 сая төгрөгөөр зарлаа гэхэд гурван сая төгрөгийн татварыг улс авчихдаг. Гэтэл тэр хүн бизнесийн зорилгоор бус амьдрах орчноо сайжруулахаар худалдаж байгаа шүү дээ. Дэлхийн бусад улсад ямар тогтолцоо байдаг вэ гэдгийг судлахад, Австрали, Канад, Англи улсад бол амьдарч байгаа орон сууцаа зарахад ямар нэгэн татвар төлдөггүй юм байна. Орон сууц гэдэг бол анхдагч зайлшгүй хэрэгцээ. Харин хоёр юм уу, гурав дахь байраа зарахад татвар авдаг. Энэ бол хүний үндсэн хэрэгцээ биш бизнес гэж үзэж, татвар авдаг юм байна.
Энэ хуульд өөрчлөлт оруулж, хүчингүй болгохын тулд 100 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл одоо 6700 хүн дэмжсэн байна. Хүмүүс олон нийтийн сүлжээний лайк, шэйрээр хуулийг өөрчлөхгүй. Тиймээс D-Parlament.mn сайтад нэвтэрч, линк дээр дарж саналаа өгөх нь чухал.
Энэ татвар иргэдийн бүх үл хөдлөх хөрөнгийг зарахад хамаатай. Жишээлбэл, малчны өвөлжөө, зуслангийн байшин, хашаа байшин, байр болгон дээр хоёр хувийн татвар авч байгаа нь шударга бус. Бизнес хийдэг том хөрөнгөтэй хүмүүсээс татвараа ав. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 21.2.1 заалтаар хүн өөрийн үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан бол хоёр хувийн татвар авна” гэж тусгасан. Энэ заалтыг хүчингүй болгох ёстой. Мөн хөрөнгийн ашгийн татварыг Монголд бүтэн дүнгээр нь авч байгаа. Иргэн 150 сая төгрөгөөр зарсан бол нийт дүнгээс нь авдаг бол зарим улс орнуудад 100 сая төгрөгөөр байр авч, 150 сая төгрөгөөр зарж байгаа бол ашиг болох 50 сая төгрөгөөс нь татвар авдаг. Энэ нь илүү шударга. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх шаардлагатай” гэсэн юм.