Улаанбаатар төмөр замын 2.3 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас “Барс” захын хойно өөрийн ашиглалтын 2.3 га газарт доороо авто зогсоол, дээрээ ногоон байгууламж бүхий “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулна.

Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.БатбилэгЭнэ талаар Б.Батбилэг “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг батлаад байна.
Доороо 778 авто зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан. Нийслэлийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхэд газар доорх их багтаамжийн зогсоолуудыг шийдэх нь маш зөв төлөвлөлт болно.

Ялангуяа зах, худалдааны төв байрладаг бүсэд авто зогсоол хүрэлцээ багатай байдаг. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай байна.
Үйлчилгээний барилга дотроо жолооч нарт зориулсан өрөө, иргэдэд зориулсан автобус хүлээх өрөөтэй. Нийтийн ариун цэврийн өрөөг мөн шийдсэн. Одоо байгаа тохижилтыг орчин үеийн болгож байгаагаар онцлогтой” гэв.
Төслийн гүйцэтгэгчээр “Грэйт констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2025-2028 онд төслийг хэрэгжүүлэх аж.