АМГТГ: АИ-92 бензин тасраагүй 18 хоногийн нөөцтэй байна

Зарим шатахуун түгээх станцууд “АИ-92 дууссан” гэх бичиг нааж, жолооч нарт худалдаалахгүй байгаа юм. Харин оронд нь үнэтэй бензинээ шахаж байгааг иргэд хэлж байв. Энэ асуудлаар АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяраас бензин шатахууны нөөцийн талаар тодрууллаа.
Тэрбээр “Монгол Улсын хувьд бензин шатахууны дийлэнх буюу 95 хувь орчмыг ОХУ-аас импортолдог. Энэ он гарснаас хойш наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 513 мянган тонн АИ-92 бензин, сард дунджаар 65 мянган тонныг импортолсон байна. Харин 1.117 сая тонн дизель түлш буюу сард дунджаар 145 мянган тонныг импортолсон байна. Энэ нь бусад газрын тосны бүтээгдэхүүнтэй нийлбэл Монгол Улс нийтдээ 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортолж, хэрэглэжээ. Манай байгууллага долоо хоногийн Мягмар, Баасан гаригуудад шатахууны импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс тоон мэдээллийг авч, нэгтгэдэг.
Наймдугаар сарын 21-нд гаргасан мэдээллээр, улсын хэмжээнд АИ-92 авто бензин 35 мянган тонн буюу 18 хоногийн нөөцтэй бол дизель түлшний 95 мянган тонн буюу 26 хоногийн нөөцтэй байна.
Монгол Улс сард дунджаар 60 орчим мянган тонн АИ-92 бензин, 120-130 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Наймдугаар сард импортлогч аж ахуйн нэгжүүд ОХУ-аас 60 мянган тонн АИ-92 бензин, БНХАУ-аас 3000 тонн АИ-92 бензин, ОХУ-аас 130 мянган тонн дизель түлш захиалсан. Өнөөдрийн байдлаар шатахууны импорт хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн эх үүсвэрийн хомсдол байхгүй. Өдөр бүр тасралтгүй импортолж байна. Тодруулбал, Сүхбаатар боомтын төмөр замаар наймдугаар сарын 23-нд АИ-92 бензин 913 вагон буюу 54.800 тонныг импортолж байна. Харин дизель түлшний хувьд 2873 вагон буюу 172.400 тонныг импортолжээ. Үүн дээр нэмээд Эрээнцав боомтоор АИ-92 бензин 2300 тонн, Замын-Үүд боомтоор АИ-92 бензин 2750 тонн, Боршоо, Цагааннуур боомтоор АИ-92 бензин 750 тонн гээд нийт 60 мянга гаруй тонныг импортлоод байна.

Ургац хураалтын улиралтай холбоотойгоор бусад саруудтай харьцуулахад дизель түлшний импорт эрс нэмэгддэг. Зөвхөн Сүхбаатар боомтын төмөр замаар гэхэд, наймдугаар сард 172 мянган тонн дизель түлш импортолсон байна. Иргэдийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний үнийг Монгол Улс ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр тогтвортой нийлүүлж байгаа бол дизель түлшний үнэ зах зээлийнхээ ханшаар тогтдог. АИ-92 бензин импортолдог найман компани бий. Дизель түлшний хувьд 30 орчим компани байна. Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцууд “АИ-92 дууссан” гэж бичиг наасан байсан. Амралтын өдрүүдэд шатахууны агуулах амарчихдаг учраас тэндээс дахин татаж авахад тээвэрлэлттэй холбоотой хүлээгдэл үүсдэг. Дараагийн ачилтууд нь хэвийн үргэлжилж байгаа. Шатахуун тээвэрлэлт хийхдээ оройн цагаар замын хөдөлгөөнд оролцох ёстой байдаг учраас зарим ачаалалтай ШТС-уудын бензин дууссан байх” гэсэн юм.
Үүнээс гадна Цагааннуур, Боршоо боомтоор АИ-92 шатахууны импорт хийх боломжгүй болсон учраас Улаанбаатар хотоос баруун аймгууд руу шатахуун нийлүүлэлтийг зохион байгуулж байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор шатахуун тээвэрлэлтийн хүрэлцээ, ачаалал зэргээс хамаарч харилцан адилгүй хугацаанд ШТС-уудад хүргэж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
Эх сурвалж:Nnews.mn