ШЕЗ-ийн Б.Эрдэнэтулгыг ажилчиддаа дарамт үзүүлдэг гэх гомдлоор ХЭҮК шалгаж эхэлжээ
Ажилтнууддаа дарамт үзүүлсэн гэх асуудлаар ШЕЗ-ийн Б.Эрдэнэтулгыг ХЭҮК-оос шалгаж эхэллээ. Тодруулбал, түүнтэй холбоотой гомдлыг хэд хэдэн албан хаагч гаргасан бөгөөд ХЭҮК-оос өчигдөр ШЕЗ-д очиж ажиллаж, ажилтнуудаас асуумж авсан байна.
Түүний талаар ШЕЗ-ийн Хэвлэл мэдээллийн хэлтэст ажиллаж байсан Н гэгч нь “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дарга Батдэмбэрэлийн Эрдэнэтулгын нэр дээр гаргасан хэд хэдэн албан хаагчийн гомдлын мөрөөр Хүний эрхийн комиссоос албан хаагчдын дунд өчигдрөөс эхлэн асуулга авч эхэлжээ. Нөхцөл байдлыг үнэнээр нь хэлэх зоригтой, үнэн бодит мэдээлэл өгөх албан хаагч хэд байгаа бол доо.
Ажлын байрандаа орохдоо өнөөдөр юу гэж доромжлох бол, хийсэн ажлыг хэрхэн үгүйсгэх бол, хамт олны дунд юу хэлж доромж үгээр харьцах бол хэн гэдэг албан тушаалтнаа энэ бузар ажилдаа ашиглах бол гэх зэрэг новшийн бодол тээж, оюун бодлоо хордуулан, бие сэтгэлээ өвтгөн, юун бүтээмжтэй ажил хийх, шинэ ажил санаачлан багаар ажиллах, шинийг сэтгэх, санаачлах хүсэл тэмүүлэлийг дэмжих тэр бол хол хоцорсон зүйл…ажилд бус айдас, болгоомжлол, түгшүүрт автаж ажлын байранд очно гэдэг. Тэвчээр шалгасан, эрүүл мэнд, сэтгэл зүйн өвчинд өртөж, үнэлж баршгүй хохирол амссан зүйл байдаг юм байна лээ шүү.
Тэгээд зогсохгүй дараа дараагийн ажилд орох, амьдралд нөлөөлөх, карьер хөөх бүх боломжийг хаасан халагдах тушаал өмнө чинь тавина. ТЭР ҮНЭХЭЭР ХОРЛОНТОЙ” хэмээн цахим хаягтай нийтэлжээ.
Харин энэ талаар ХЭҮК-оос “Гомдол мэдээллийн мөрөөр шалгаж байгаа. Хяналт шалгалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ” гэх мэдээллийг өглөө.
Эх сурвалж: Ubn.mn