“Наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаас “Наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газар, НИТХ-д холбогдох захиргааны хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
“Наран трейд” ХХК нь “Туул” рестораны барилгыг өмчлөгч бөгөөд уг барилгын доорх болон орчны 1079 м.кв газрыг эзэмшиж ирсэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Туул” рестораны барилгын 0,08 га талбайд “зочид буудал”-ын барилга барих ЧД/07/08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар “… 2016 оноос өмнө батлан олгосон боловч барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэх үндэслэлээр “Наран трейд” ХХК-д олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан байна.
Түүнчлэн “Туул” рестораны барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж батлуулах саналыг нийслэлийн Засаг дарга гаргаж, НИТХ-ын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 12/35 дугаар тогтоолоор уг барилгыг дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэжээ.
“Наран трейд” ХХК-иас дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч “Наран трейд” ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагч НИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2 /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх/, 123.2.4 /эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой эсэх/ үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Танхимын нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв.