Т.Даваадалай: 41 жил гацсан ДЦС-5-ыг барих тендерт “Митайм Интернэйшнл” шалгарсан
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан “ДЦС-5” төслийн байршилд ажилласан.
Энэ үеэр нэгдүгээр орлогч Т.Даваадалай “41 жилийн турш гацсан төслийг хэрэгжүүлэхээр болж байна. ДЦС-5-ыг барих тендерийн сүүлийн шатанд хоёр компани материалаа ирүүлсэн.
Хараат бус гишүүд орсон ажлын хэсэг үнэлгээ өгөхөд “Митайм Интернэйшнл ХХК” 75 оноо авч шалгарсан.
Одоо гэрээний хэлэлцээний үе шатыг эхлүүлээд явж байна. Ойрын нэг сарын хугацаанд эцэслэхээр төлөвлөж байгаа бөгөөд амжилттай болбол ИТХ-аар баталгаажуулна.
Энэ нь 300 МВт цахилгаан, 340 Гкал цагийн дулаанаар хангах ба баруун бүсийг бүхэлд нь буюу 40 мянган өрхийн дулааныг хангах юм.
ТЭЗҮ-ээр төслийн нийт өртөг 658 сая ам.доллар ба хэрэгжих хугацаа 24+6 буюу 30 сарын хугацаанд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн.