Б.Энхбаяр: Улс төрд орж ирсэн шигээ гараад л явна. Гэхдээ одоо цаг нь биш

0

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяртай ярилцлаа.


-Аминдаа “нүглээ наминчлах” гээд байгаа ухаантай-

-Хууль тогтоогч гишүүний хувиар Та бол улс төрд шинэ хүн. Харин Ардын Намын гишүүн болсон цаг хугацааны тухайд “хуучин”, бүр 2000 оноос эхтэй юм билээ?

-Улс төрийн “үнэр” авч эхэлсэн гэх юм уу?, тэр үеэс тооцвол 23 жил болсон байна. Их сургуульд багшаар ажиллаад хоёр жил болж байхдаа УИХ-ын гишүүн А.Шагдарсүрэнгийн туслахаар очсон. Багшийн ажлаа орхиогүй. Дараа нь 2001 онд УИХ дахь намын Бүлгийн хуулийн зөвлөхөөр ажилласан.

-Багшаараа бол ажиллаж байсан юм байна?

-Тийм. Тэр утгаар нь асуусан бол улс төрд шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон гэх утгаар бол шинэ хүн. Өмнө нь хоёр удаа намын бүлгийнхээ хуулийн зөвлөх хийсэн болохоор тодорхой хэмжээний туршлага бий. Н.Багабанди гуайг Ерөнхийлөгч, Н.Энхбаярыг намын дарга, Ерөнхий сайд байх үеэс улс төрийг гадарлана гэсэн үг.

-Ардын Нам 72 суудалтай байсан байх аа?

-Хуулийн зөвлөх болохоор Бүлгийн хуралд сууна. Тэр үеийн намын бүлэг харьцангуй ажил хэрэгч байсан. Гадна талдаа бол сонирхол багатай. Хэрүүл, маргаангүй, хоорондоо зодолдох юмгүй. Одоогийнх шиг популистууд байхгүй. Үзэж байгаа хүнд “амттай” байгаагүй байх. Гэхдээ ажил хэрэгч парламент байсан. Томоохон төсөл, хөтөлбөрийг явуулсан. “Мянганы зам”, эрчим хүчний системүүд, газрын реформ зэрэг түүхэн гэж хэлж болохоор томоохон суурь шинэтгэл хийсэн парламент.

-Тухайн үеийн Бүлгийн хуралдааны уур амьсгал ямар түвшинд болдог байв. Та бол ажил хэрэгч байсан гэж дүгнэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүд болсон хойно ам зөрөх, ашиг сонирхол нь зөрчилдөх тохиолдол бишгүй…?

-Хаалттай хуралдаанд суудаг байсан учраас ам чанга байх, захирах, захирагдах, улс төрийн дотоод өнцөгүүд, шийдвэрийн цаад учигтай залуугаасаа танилцаж, мэдэрсэн. Улс төрийн хариуцлага, мөн чанартай эрт танилцсан гэх үү дээ? Ямар ч байсан улстөрчдийг гадарладаггүй юм гэхэд доторлоно. Жишээ нь, тэр үеийн УИХ дахь намын бүлэг дотоод ардчилалгүй юм шиг гаднаа харагддаг боловч хуралдааны уур амьсгал нь чанга л болдог байсан. Н.Энхбаяр даргыг “хаан” байх үед нь дотоод ардчилал устлаа гэсэн шүүмжлэл дайдаг гишүүн цөөнгүй байсан. Д.Оюунхорол, Н.Баяртсайхан тэргүүтэй гишүүн намын удирдлагуудад шүүмжлэлтэй ханддаг байсныг санаж байна. Ярих, хэлэх юмаа тухайн цаг үедээ шууд хэлдэг л байлаа.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг улс төрд ид мандаж байхад Бүлгийн зөвлөх хийж байсан хүнээс асуухад хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь ганц хүнээс, Ерөнхий сайд, намын даргаасаа хараат болчихсон байсан хэрэг үү? Та өөрөө ч хаан байх үед нь гээд хэлчихлээ…?

-Яах вэ?. Парламент дахь улс төр намын бүлгээр дамжиж явдаг. Бүлэг нь өөрөө бодлогын нэгдэлтэй байхгүй бол бүгдээрээ бие даагч болно. Тийм парламентаас ямар ч үр дүн хүлээгээд нэмэргүй. Ажил хэрэгч шийдвэр гарахгүй. Угаасаа улс төрийн аливаа шийдвэр амар хялбар байдаггүй. Хоёр биш 20 талд дэнслэгдэж байж гардаг. 2012-2016 онд Бүлгийн зөвлөхөөр ажиллахад 26 гишүүнтэй цөөнхийн Бүлэг ч гэсэн дотроо “алалцдаг” л байсан шүү дээ. Олонхиороо гаргасан шийдвэртээ харин зангидсан гар шиг байдаг байсан. Тэгж чаддаг учраас МАН бол институц. Яаж ч бодсон тийм. Бодлогын тээгч байж чаддаг. Энэ хүртэл явж ирсэн нэг шалтгаан нь дотоод ардчилал.

-Нэгэнт болоод өнгөрсөн явдлын тухай нэр цохож ярих нь зохисгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ Таны хувьд Төрийн хэд хэдэн байгууллагад Тамгын газрын даргаар ажилласан туршлагатай юм билээ. Гэтэл яагаад улс төрийг сонгосон юм? Төрийн албан хаагчаар ажиллах тийм ч сонирхолгүй байсан хэрэг үү?

-20 гаруй жилийн өмнө юм. Бүлэгт ажиллаж байхдаа Газрын болон Газар өмчлөлийн хуулийн боловсруулж, батлуулахад зөвлөх байлаа. Монгол Улсын түүхэнд анх удаагаа газар өмчлөлийн ажлыг 2002 онд эхлүүлсэн. Уг ажлыг хариуцсан агентлагийг Ерөнхий сайд Н.Энхбаярын харьяанд байгуулсан. Анхны Тамгын дарга нь би. Яг дөрвөн жил, зургаан сар ажилласан.

-Газар өмчлөлийн ажлыг гардан зохион байгуулсан хүний нэг нь юм байна?

-Газар өмчлөл дээр ямар нэгэн алдаа гараагүй. Алдаатай эхлэвэл залруулах аргагүй. Нэгэнт хувийн өмч болчихвол засах боломжгүй. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой маш том асуудал учраас анхнаасаа алдаагүй гаргах гэж манай багийнхан хичээсэн. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газрын 40 орчим тогтоол, журам гарч байлаа.

Газрын кадастр буюу цэг кординатаар газрын хэмжил зураглал гэж тухайн үед байгаагүй. Аливаа байшингийн хажуу талд тэдэн ам.метр гэж л газрын захирамжууд гардаг байсан. Давхцал, зөрчил тоймоо алдсан байсан. Энэ мэт зүйлийг анх удаагаа зохион байгуулаад цэгцэлсэн. Одоо бол газрын өмчлөл дээр давхцал гэж байдаггүйн учир нь тэр. Доктор Ш.Батсүх манай даргаар ажилладаг байлаа. Амралтын өдөр гэж байхгүйгээр хэдэн жил нухаж, ард нь гарсан.

-Газар өмчлөлд анхнаасаа ямар ч алдаа гараагүй гэдгийг хэлж байна. Гэхдээ газар олголт нь хяналтгүй, төлөвлөлтгүй явсны гор нь өнөөгийн “бетонон ширэнгэ”-ээр хүрээлүүлсэн Улаанбаатар юм биш үү?

-Улаанбаатарын тухайд хувьчлагдсан газар нь бага. Дийлэнх нь эзэмшлийн гэрчилгээ захирамжтай. Газар эзэмшил дээр бол асуудал байгаа юу байгаа. Энэ бол хамгийн будлиан хутгасан асуудал нь. Агентлаг эзэмших зөвшөөрөл олгодоггүй. Засаг даргын захирамжаар газрын албад олгодог. Тэнд авлига тоймоо алдсан. Агентлагийг өөрсдийнхөө энэ эрх рүү оруулах сонирхолгүй. Авлигынхаа булгийн эх үүсвэр рүү оруулдаггүй гэсэн үг. Уг нь улсын хэмжээнд хэрхэн зураглалтай болгох, яаж тайлан гаргах зэрэг стандартын удирдлагаар хангадаг газар нь агентлаг.

Өмчлөлийн тухайд нэгэнтээ эзэмшиж буй газарт өмчилдөг. Үр дүнд нь иргэдийн хашаа байшин илүү үнэд орж орон сууцаар солих, хөрөнгөтэй болж эхэлсэн. Эзэмшлийн хувьд улсын өмч хэвээрээ. Түр хугацаагаар эзэмшиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийг боловсруулж, батлах үед би юу ч мэддэггүй байсан юм билээ. Одоо бодох нь ээ, тэр үеэсээ ичдэг. Бахархаж ярьддаггүй.

УИХ-ын гишүүн болчихоод газрын реформ гээд яриад байгаа нь тухайн үеийн Иргэний хуулийнхаа суурь үзэл баримтлалтай зөрчилдсөн алдаатай Газрын хууль гарсныг аминдаа залруулах гээд байгаа санаа. Ялангуяа газар ба орон сууцны бүртгэлийг манайх тусад нь явуулсан. 1996 онд орон сууцаа хувьчилсан. Зургаан жилийн дараа буюу 2002 онд газар өмчлөлийг явуулсан. Бүртгэл, зөвшөөрөл, гэрчилгээ, өмчлөгч нь тусдаа. 20 жилийн дараах энэ цаг үед өмчийн эрх зүйн хамгийн том асуудал нь энэ болж хувирсан. Бүртгэлийг нь нэг болгох ёстой.

Нийтийн орон сууцны доорх газрыг өмчлөгч нь хувь ногдуулж эзэмшүүлэх концепцийг яриад байгаа нь 2002 онд хууль гарч байхад ийм асуудал үүсэхийг олж хараагүйтэй холбоотой. Юу гэж хэлмээр юм, мэдэхгүй. Би бол өөртөө, дотор хүндээ хэлдэг. Би өөрөө зөвлөхөөр ажиллаж байсан байдаг. Алдаатай хуулийн бурууг залуу насруугаа заачихаад сууж байж чаддаггүй. Аминдаа “нүглээ наминчлах” гээд байгаа ухаантай одоо хууль тогтоогч болчихоод залруулах гээд байгаа юм.

Уг нь ийм хийдэл, алдаа гарахыг урьдчилж олж харах нь зөвлөхийн үүрэг. Тэгэх ч ёстой. Сайн талыг нь харсан ч саарыг нь огт хараагүй. Тэрхүү “нүгэл”-ээ одоо “наминчлах” үүрэгтэй. Улс төрд байх хугацаандаа үүнийг заавал залруулна. Хуулийг батлахад, хэрэгжүүлэхэд оролцож явсны хувьд цогцоор харах онолын суурь, ажлын туршлага бол бий.

-Ардын Намынхан 2012-2016 онд хамгийн идэвхтэй улс төрийн акц зохион байгуулдаг сөрөг хүчин байлаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллахад хугацаанд Засгийн газрынх нь тогтоол шийдвэрийг Цэц рүү өгөх, АТГ-д хандах зэргээр лав зүгээр суулгаагүй. Үүнд Таны оролцоо ч байсан л байх?

-Хуулийн салбарт 14, 15 жил ажиллачихсан. Дундуур нь Төрийн хэд хэдэн байгууллагад удирдах албан тушаал хашиж, туршлага суусан үе. Энэ хооронд надад нэг юм маш зөрчилддөг байсан юм.

-Тэр нь юу гэж?

-Хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудал. Гурван шатны байгууллагад Тамгын газрын дарга, Намын даргын болон Бүлэгт зөвлөх зэргээр ажиллахад хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуулиар хязгаарлагддаг. Улс төрийн талаасаа ч адилхан. Жишээ нь, УИХ дахь Бүлгийн гишүүдээ давж байр суурь илэрхийлэх нь зүйд нийцэхгүй. Намын даргын зөвлөх “Би ингэж бодож байна” гэхэд хүн ойлгохгүй. Шууд намын даргын байр суурь гэж харна. Үүгээрээ хязгаарлагддаг. Төрийн алба угаасаа ойлгомжтой. Зүй ёсны л шаардлага. Харин МАН сөрөг хүчнээр ажилласан 2012-2016 онд Бүлгийн удирдлагын зүгээс энэхүү эрх чөлөөг хязгаарлаагүй. Эсрэгээрээ дэмждэг байсан юм.

-Ямар нэгэн цензур тавиагүй гэсэн үг үү?

-Тэр нь л боломж олгосон юм. Маш үнэтэй боломж байхгүй юу. Хүн чинь зүгээр сууж байгаад цангаад байдаг даа. Яг л түүн шиг. Төрд ажиллаж байхад гарын үсэг зурах уу?, зурна. Хурган дарга хийж байна уу? хийж байна. Гэхдээ нэг зүйл дутаад байгааг мэдэрч эхэлсэн. Тэр нь эрх чөлөө. Дотроос цохиод байгаа мөртлөө тэгэх боломжгүй. Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Нам руу орсон шалтгаан нь энэ.

-Эрх чөлөөгөө сонгоод нам руу орсон хэрэг үү?

-Тэгсэн. Цалингийн хувьд гурав дахин унаж байгаа юм. Хангамж гэж байхгүй. Бүх юм нь багасч, дордох нь ахуй амьдралд мэдээж гашуун тусна. Гэхдээ амттай байсан юм, надад. Өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боломжийг олох нь үнэтэй бөгөөд амттай гэсэн үг. Бүр түүнээсээ таашаал авч байсан гээд бод л доо. Хүнд хэлэхэд сонин л байх. Гэхдээ амьдралын баяр баясгаланг тэндээс авч байсан байхгүй юу?

-Сонирхолтой л сонголт юм. Уг нь Танай үеийнхэнд, тэр тусмаа намынханд албан тушаал нь чухал баймаар. Авдаг хэдэн төгрөг, албан тушаал ахихаа бодсон ч тэндээ удаан байх сонирхол нь дийлж таарна?

-Өөрийгөө л мэдэж ярихаас өөр хүнийг тааж яримааргүй байна.

-МАН парламентад сөрөг хүчнийхээ үүргийг сайн гүйцэтгэсний үр дүн нь 2016 оны сонгуулийн үнэмлэхүй ялалт. Улмаар өмнөх Засгийн газрынхаа шийдвэрээр байхгүй болгосон Дэд сайдын суудлыг сэргээж, залуу үеэс томилсны нэг нь Та. Үндсэндээ намдаа сайн ажилласны шагнал нь Дэд сайдын суудал байсан гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Сонгуульд нам яллаа. Бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлэх түвшинд нэлээд цөмд нь буюу Бүлэгт идэвхтэй ажилласан хүний хувьд санал авах байх гэж бодож байсан юм. Гэхдээ намын удирдлага бол уулзаагүй. Харин Дэд сайдад нэр дэвшигчдийг намаас өрсөлдөөний аргаар Удирдах зөвлөлөөс тодруулсан. Хоёроос доошгүй хүнийг нэр дэвшүүлж, хооронд нь өрсөлдүүлж, нууц санал хураалтаар шийдвэрлэсэн.

-Ингэхэд Тантай хэн өрсөлдөж байсан билээ?

-Одоо хил даваад зугтаад байгаа Н.Удаанжаргал. Удирдах зөвлөлийн гишүүдээс би 29, Удаанаа гурван хүний санал авснаар Дэд сайд болсон түүхтэй.

-Үүнийг шийдээгүй тохиолдолд 100 Бадамжунай байсаар байна-

-Яг тухайн үеийн Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоотой холбогдуулж асуух асуулт байна. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсны дараагаас Засгийн газрын гишүүдийн нэрс, бараг бүх томилгоо одоо шалгагдаж байгаа Т.Бадамжунайгаар дамжсан гэсэн яриа бий. Оргүй ч яриа биш. Ардын Намын залуучууд албан тушаалд хүрэхээсээ өмнө энэ хүнтэй уулздаг байсан тухай ч мэр сэр яриа явсан… Жишээ нь, Таны хувьд уулзаж байсан уу?

-Би бол огт уулзаж үзээгүй ээ. Хоригдож байгаа хүнийг унасан дээр нь дэвсэж байгаа юм шиг муухай харагдах байх. Хүмүүс нь тэгж харна. Тэр тусмаа Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар. Тэгэхээр энэ тухай аль болох яримааргүй байна. Шалгагдаж байгаа хүний тухай ярихаар хэрэгт нөлөөлөх үр дагавартай учраас байр суурь илэрхийлэхээс түдгэлзмээр байна.

-Хувь улстөрч талаас нь асуугаад байгаа юм?

-Б.Хурц бол их зэвүүн хэлсэн байна лээ шдээ. “Т.Бадамжунай бол МАН-ын зовлон, жаргалын менежер” гээд. Бас муухай л хэлж байгаа юм. МАН-ын зовлонгийн шалтгаан ч нь мань хүнтэй холбогдоно. Жаргалын буюу ялалтын шалтгаан нь ч холбогдоно. Намын санхүүжилт босгох дээр маш хөдөлгөөнтэй л хүн байхгүй юу. Хэнтэй ч харилцдаг. Тийм учраас томилгоонд нөлөө бүхий байсан уу? гэвэл байсан. Үнэхээр тийм байсныг намынхан бүгдээрээ мэднэ.

-Тэгээд ярихаар өнөөх алдарт “60 тэрбум”-ын схем бодитой байсан уу? гэдэг асуулт дагана?

-Ийм учраас л нэр дэвших гэж байгаа хүн, намын санхүүжилтийг ил болгох шаардлагатай. Сонгуулийн зардлын хамаарлыг багасгах, зардлыг бууруулах нь чухал. Сонгуульд оролцож байгаа намыг авлигаас ангид байлгаж чадвал төрийг авлигаас сэргийлнэ. Авлигын мөнгөөр сонгуульдаагүй хүн төрд орж ирлээ гэхэд хэн нэгний барьцаанд орохгүй. Барьцаалагдаагүй улстөрчөөс шударга шийдвэр гарна. Хүчтэй, дархлаатай байна. Манлайлал үзүүлнэ. Асуудал гарахад сонгуулиар мөнгө өгсөн бизнесмэний биш ард түмний талд зогсох чадавхитай байна. Тийм учраас сонгуулийн санхүүжилт гэдэг чухал.

Ямар ч байсан Ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн зардлыг бууруулах, санхүүжилтийг ил болгох агуулгатай Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа. Ямар чухал асуудал вэ? гэдэг нь энэ. Үүнийг шийдээгүй тохиолдолд 100 Бадамжунай байсаар байна. Улс төрийн авлига, хулгай байсаар байна. Уг үндэстэй нь хуулийн аргаар тэмцэхээс өөр сонголт байхгүй. Сонгуулийн болон Улс төрийн намын хуулийг хамтад нь хэлэлцэж байгаа шалтгаан энэ юм. Цогц реформын шинжтэй төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн институциас манлайлж байгаа нь чухал. Миний хувьд ч тууштай дэмжиж байгаа.

No description available.

-Намын санхүүжилтийг “Шилэн” болгосноор төрийг авлигаас ангид байлгах энгийн логик гэдгийг мэдсээр байж анхнаасаа хуульд тусгаагүй, тийм өөрчлөлт хийх сонирхолгүй 18 жил явсан шалтгаан яг юу юм? Энэ парламентын өнгөн дээр өргөн барьж, хэлэлцүүлж эхэлсэн нь сайн ч эцсийн шатандаа зүсээ хувиргаад баталчих вий? гэсэн болгоомжлол бий?

-Хуулийг анх боловсруулж байх үед нь төсөл дээр нь ажиллаж байсан хүний хувьд хэлье. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг уншаад үзвэл МАН-д хамгийн халтай тусахаар байгаа юм. Ажлын хэсгийн хуралдааны үеэр намын удирдлагуудаас асуусан. Зангиагүй уулзалт маягийн хэлэлцүүлэг байсан юм. “Хуулийн төслийг уншлаа. Нээрэнгээсээ ийм өөрчлөлт хийе гэж намын удирдлага хүсээд байгаа юм уу?. Энэ хууль чинь манай намд бол ямар ч ашиггүй хууль байна. Намын бааз суурь, давуу тал болсон юмныхаа эсрэг явахаар байна. Өнгөтэй, мөнгөтэй хүмүүсийг хязгаарлаж, илүү бодлогын буюу олон намын тогтолцоо руу орохоор байна. Харин улс орноо бодвол Монголын ардчилалд, намуудыг бодлогын, олон түмний нам болоход бол тустай хууль болох юм байнаа” гэсэн. Намыг өөрийг нь авлигажуулахаас хамгаалсан хуулийн өөрчлөлт. Олон нийтийн өнцгөөс харахад улс оронд мэдээж хэрэгтэй. Намуудыг эрүүлжүүлж, санхүүжилтийг нь ил болгож, жалга довны биш илүү өрсөлдөөний талбар руу оруулах нь чухал. Илүү зөвшилцөөний ардчилал руу чиглэсэн байна лээ.

Намын удирдлагууд ч чин сэтгэлээсээ хүсч байна гэсэн. Намын удирдлага үнэхээр тийм хүсэл эрмэлзэлтэй байгаа бол асуудалгүй. Болж байна. Хуульчийн хувиар дуу хоолойгоо хүргэхэд татгалзах зүйлгүй ээ гэсэн. Санаа оноогоо ч нэмэрлэсэн. Тэр утгаараа энэ хууль маш дэвшилтэт үзэл санаагаар дүүрэн хууль.

-Эрх баригч намд өөрт нь халтай ч удирдах түвшиндөө хуулийг төслийг асуудалгүй явуулахаар хэдийнэ санал нэгдсэн л юм байна?

-Бусдын өмнөөс мэдээж тайлбар хийхгүй. Өөрийн хэмжээнд хариулахад ийм байна.

-Хөшигний ард тохирох хуралдааны танхимд ярих мэдээж өөр, харилцан адилгүй. Гол нь тохирсон асуудлаасаа эргэж буцдаг, мэлздэг нь улстөрчдийн гэм биш зан болохоор л ингэж тодотгож асуугаад байгаа юм?

-Муудаж, сайндаж, хардаж, сэрдэж, орилж, хашгирах зэргээр бодлогын мэтгэлцээний талбар нь өөрөө парламент. Миний хувьд тийм зүйлд сэтгэл хөдөлдөггүй, санаагаа чилээдэггүй. Юу хэлж байна гэдэг талаас харах нь чухал.

-Миний хувьд өөрөөс хамаарах бүх юмаа хийсэн-

-Хууль тогтоогч гэхээсээ Дэд сайд байх үеэс асууя. Таныг энэ албан тушаалд байхад Бүртгэлийн багц хуулийг баталсан. Үр дүнд нь аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн мэдээллийг нээлттэй болгосон. Араас нь Холбоо, сангийн болон Шашны тухай хуулийн төслийг явуулах гээд бараагүй. Бүртгэлийн багц хуультайгаа хамтад нь хэлэлцүүлэх боломж байгаагүй юм уу? Өнөөдөр эл хоёр хуулийн төслийг хэлэлцэх нь байтугай хав дарчихаад сууж байна. Уг нь ач холбогдлын хувьд аль, аль нь хэрэгтэй…?

-Манайхан дотроо зодолчихсон шүү дээ, дотроо 32, 33-аараа хуваагдаад. Том зодоон болсон. Ийм зодооны хажуугаар бодлогын талцал ихтэй том реформ явах боломжгүй. Тийм учраас бүгд хойшоо шидэгдсэн.

-Жишээ нь, Холбоо, сангийн хуулийг баталсан бол авлигын индекс өнөөдрийн түвшингөөс арай өөр байдалтай байх байсан гэдэг?

-Мөнгө угаалтын схем Төрийн бус байгууллагаар яваад байна гэдэг нь тодорхой асуудал. Сайнтай ч, муутай ч Төрийг шилэн болгоод байгаа юм. Бүртгэлийн хууль гаргалаа. Сонсголууд хийж байна. Шилэн данс тавьж байна. Ил тод байдлын хууль гаргалаа. Ямар ч байсан нээлттэй тал руугаа Төр нь алхаад байгаа юм. Харин Төрөөс гарч байгаа санхүүжилтийн маш том схем нь ТББ-аар яваад байгаа байхгүй юу?

“Эрдэнэт” үйлдвэрээс гадагшаа оффшор руу мөнгө гаргаж, орон сууц авсан хэрэг шүүхээр ял шийтгэгдсэн. Тэр нь ТББ-аар дамжсан. Авлига, мөнгө угаалтын үүр уурхай нь тэнд байна. Төр шилэн байгаа бол иргэний нийгмийн байгууллага нь хоцрогдож болохгүй. Төрийг хянаж байх ёстой институц нь өөрөө хиртэй, заваан байж болохгүй. Тэрийг нь хүчээр шийдэх гээд байгаа юм байхгүй. Тэгж болохгүй. Гол нь ТББ-ын санхүүжилтийн эх үүсвэрийн тухай асуудал. Үүнийг ярихаар эсэргүүцдэг.

Намайг чинь “Иргэний нийгмийн дайсан” гээд “Вашингтон пост” дээр хүртэл нийтлэл гаргуулж байсан шдээ. Маш их хэмжээний мөнгө тэнд явдаг. Тэр нь ил болчих гэхээр сандардаг. Түүгээрээ амьдардаг нь олон байна шүү дээ.

-Иргэний нийгэм гэхээсээ энэ парламентад байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө холбоотой юм биш үү?

-Ерөөсөө л холимог хуурга шиг болчихсон. Нэг харахаар улстөрчид нь бүгдээрээ ТББ-тай. Зөвхөн УИХ-ын гишүүдээр ярихад бараг 300 давна. Үеийн үед л ийм байсан. Төрийн ажлыг ТББ-аар дамжуулж гүйцэтгүүлнэ. Тэр нь хэнийх юм? ТББ нь өөрөө эрүүл саруул, дотоод ардчилалтай байх ёстой юм. Одоо бол түүнийг улс төрийн намуудад хуулиар шигтгэх гэж байна. 30 жил нэг даргатай, ямар ч хурал хийж үзээгүй, дотоод ардчилалгүй явж ирлээ шдээ. Тийм байж улс орныг ардчилалтай болгох тухай ярьж болохгүй. Тэр бол худлаа. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагыг дотоод ардчилалтай, хяналттай, нээлттэй болгож байж бүтэн буюу бүхэлдээ ардчилсан институц бүрдэх гээд байгаа юм. Нэг нь доголдчихоор нөгөө хэсгээ доош нь татаж унагаана.

-2016 онд Ардын Нам эрхэнд гарсныхаа дараа Хөгжлийн банканд шалгалт оруулсан. Дэд сайдын хувиар Та ажлын хэсгийг ахалж, 1.3 их наядын зөрчил илрүүлснээ мэдэгдэж байсан. Гэтэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж гэж нэлээд сунжирч явсаар эцэстээ мартагдсан байх аа?

-УИХ-аар хэлэлцсэн юм, уг нь.

-Хэлэлцсэн нэр зүүсэн төдий юм биш үү?

-Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, асуултад хариулж байсан бичлэг нь цахим сүлжээнд бий. Би хааяа сэргээж тавьдаг юм. Олон нийт болохоор нуучихсан юм шиг ярьж, харддаг. Ард түмний төлөөллийн дээд байгууллагаар хэлэлцэж л байсан байхгүй юу?

-Гэж харахаар Хөгжлийн банктай холбоотой асуудал саяхан үүсээд “бөмбөг тэсэрсэн” зүйл биш, аль 2016 оноос эхэлсэн байдаг…?

 -Тийм ээ, 2016 онд энэ асуудал яригдаж л байсан. Ямар зөрчил гарсан тухай хэвлэлийн хурлын бичлэг, мэдээлэл нь байж л байгаа. Гэхдээ сая болж өнгөрсөн шиг өндрөө аваагүй. Сая бол зургаан жилийн дараа хэлэлцсэн. 2016 оноос хойш мэдээж зээл гарсан. Хоёрдугаарт, тухайн үеийн шалгалтын хоног нь бага байсан юм. Ажлын хэсэг гарах нь 21 хоногийн удирдамжтай. 14 хоногт шалгалтаа хийгээд долоон хоногт нь тайлан дүгнэлтээ гаргах чиг үүрэгтэй. Тэгэхэд УИХ-аас байгуулсан Түр хорооны шалгалт хэр хугацаанд үргэлжлэв?

-Бараг жил тойрсон уу?

-Түр хороо байгуулагдсанаас хойш яг нэг жилийн ой дээрээ тайлангаа тавьж татан буугдсан. Бүр дотогшоо нь имэрч орсон. Нэг сая цаасан баримт шалгасан. Хоёрдугаарт, парламентын хяналт нь агуулгын хувьд Засгийн газрын шалгалтаас шал өөр. Жишээ нь, Дэд сайд байх үед сайдыг шалгаж чадахгүй. Би чинь Дэд сайд. Сая бол ард түмнийг төлөөллийн дээд байгууллагын шалгалтыг ахалж орсон. Ард түмний нэрийн өмнөөс ярина. Дэд сайд байхдаа хэний өмнөөс ярих юм. Ард түмний төлөөлөгч биш байхгүй юу? Таны тушаалыг шалгамаар байна гээд сайд руу орох улс төрийн бяр дутна. Харин Түр хорооны хувьд миний дээр ард түмэн, сонгогч л байсан. Өөр юу ч байгаагүй. Хоёр тэс өөр юм. Эрс ялгаатай. Цаг хугацаа, улс төрийн бяр нь ч өөр. Бяраа дагаж зориг гарна. Зоригийг дагаад ухаан гарна.

-Гол нь Дэд сайдаар ажиллаж байх үед 1.3 их наядын зөрчил илрүүлчихээд байхад холбогдох арга хэмжээг яагаад аваагүй юм. Цаг тухайд нь арга хэмжээ авсан бол өнөөдрийн нөхцөл байдал үүсэх байсан уу? гэдгийг тодруулах гээд байгаа юм?

-Миний хувьд өөрөөс хамаарах бүх юмаа хийсэн. Засгийн газартаа танилцуулсан. УИХ-д танилцуулсан. Хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн. Араас нь явах улс төрийн манлайлал нь тухайн үеийн парламентад сул байсан байна аа л гэсэн үг. Хууль хяналтын байгууллага нь уг асуудалд холбоо хамааралтай, хутгалдсан байсан хэрэг. Тэр нь ч тодорхой боллоо. Тагнуулын дарга нь Б.Хурц байсан. Хөгжлийн банкны том луйварчин байж таарлаа. Хуулийнхан өөрсдөө холбоотой болохоор хөдлөөгүй л гэсэн үг. Дэд сайд гэдэг хэрэг шалгадаг, мөрддөг хүн биш. Оролцдог ч үгүй. Харин илрүүлсэн үү? илрүүлсэн. Хуулийнханд өгсөн үү? өгсөн. Тийм л юм.

-Тэгж яваад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн?

-Тэр тухай ч зөндөө ярьсан даа. Ярихаар л Ц.Нямдорж сайдыгаа ярьдаг юм.

-Тэр үеэс сайд асан Ц.Нямдоржтой нам дотроо ил тод зөрчилдөж ирсэн ганц хүн нь Та байх шүү? Уг нь 2000 оноос л нэгнийгээ мэдэх хүмүүс баймаар?

-Ц.Нямдорж сайд тэр доор байгаа бацааныг харахгүй шдээ. Би бол хажууд нь байсан.

-Бүлгийн хуулийн зөвлөх талаас нь мэднэ?

-Мэднэ, мэднэ.

-Зөвхөн Ц.Нямдорж гэдэг хүнийг шүүмжлээд байдаг шалтгаан нь юу юм?

-Ц.Нямдорж бол хувь хүн гэхээсээ бүхэл бүтэн институц байхгүй юу. Хууль гэдэг нийгмийн амьдралд шууд нөлөөлдөг. Энэ бодлогын Монголын цөм нь Ц.Нямдорж. Бодлогыг нь болохгүй байна гэхээр яалт ч үгүй хувь хүн нь холбогдож гарч ирээд байгаа юм. Гарч байгаа шүүмжлэл, байр суурь хувь хүн рүү хандсан, хувийн өштэй юм шиг болж харагдаад байдаг нь ийм зовлонтой.

-Дэд сайдын албан тушаалаа өгснөөс хойш уулзсан уу?

-Уулзаагүй.

-Шүүхийн хуулийг батлахаас өмнө хамгийн их “зэрлэгтсэн” хүний нэг нь би-

-Энэ асуудлыг ингээд хаая. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлсэн нь 2021 он. Гэхдээ хуулийг өргөн барьж, хэлэлцэж, батлуулах хүртэл хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан түүхтэй. Ялангуяа Ерөнхийлөгчийн субъектээс хүчтэй эсэргүүцэж байсныг Ажлын хэсгийн гишүүд өөрсдөө мэдэгдэж байсан?

-УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа шууд барьж авсан хуулийн төсөл нь шүүх байгууллагын шинэтгэл. Анхнаасаа амар байгаагүй мэдээж. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль, шүүхийн байгууллагад үүсгэсэн “Хонгил”-ыг тасдах гэж байна гэсэн хувь хүнд нь нааж харах хэсэг байсан. Мань хүн ч өөрөө бяртай байлаа. Хэчнээн Ерөнхий сайд, сайд нарыг шоронд хийчихсэн байсан үе. Хаан байсан үе. Үндсэндээ хааны өөдөөс боссон. Амаргүй байсан.

-Хууль боловсруулах тэр тусмаа шүүх байгууллагатай холбоотой шинэтгэлийг явуулах ийм хэмжээний хариу “цохилт” ирнэ гэдгийг хамгийн сайн мэдэж байсан хүн нь Та өөрөө?

-“Ковид”-ын цар тахлыг давуу тал болсон гэж хэлэх нь ч хаашаа юм. Гэхдээ л Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон үе нь манай улс яг дотооддоо “Ковид”-ыг алдахтай зэрэгцэж таарсан. 2020 оны арваннэгдүгээр сард юм. Хатуу хөл хорио руу орсон. Өөрөөр хэлбэл, хатуу хөл хорионы үед хийсэн хууль байхгүй юу. Их сонин түүх шүү. Тэгж явсаар 2021 оны нэгдүгээр сард баталсан.

-Ажлын болон дэд хэсгүүд нь яаж хуралдаж, санал солилцож байсан юм. Цахимаар хуралдсан хэрэг үү? Хууль гэдэг өөрөө үг, өгүүлбэр, цэг, таслал нь хүртэл хуймгаа хандах зүйл биш?

-Хатуу хөл хорионы үе учраас тэр хооронд юу хийж болох вэ? Ерөөсөө ном л уншина. Маш сайн судалгаа хийнэ. Тэр боломж нь хангалттай байсан учраас энэ хууль суурь судалгаа сайтай болсон. Хүнтэй уулзаж, гадуур, дотуур явахаас илүү цаастай “тулж” ажилласан. Цаасан дээр нухсан хууль. “Ковид”-ыг давуу тал болгож хувиргасан гэсэн үг. Илүү унших, судлах боломж болгосон. Саяхан Цэцийн хуралдаанд суухдаа анзаарсан. Бараг хуулийнхаа суурь судалгаануудыг бүтнээр нь цээжилсэн байна. Хаанаас нь ч асуусан 100 гаруй хуудас хуулийг судалгаанд суурилж хариулах чадамжтай болсон гэж хэлж болно.

-Хурал, зөвлөгөөн гэхээсээ цаасан дээр, судалгаанд суурилж ажилласны давуу тал нь одоо ч гарч байна гэсэн үг үү?

-Анх орж ирсэн хуулийн агуулгын 90 хувийг өөрчилсөн. Анхных нь хувилбарыг дөрвөөс тав дахин нэмж боловсруулсан юм.

-Хуулийг нэгдүгээр сард нь батлаад гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөхөд уг шинэтгэл “бай”- ндаа туссан уу? Шүүх үнэхээр шударга шийдвэр гаргаж байна уу? гэх олон нийтийн эргэлзээ одоо болтол байсаар л байна?

-Хүмүүс бол санаагаараа болдог бол бүх шүүгчийг чөлөөлөөд хамгийн шударга гэснийгээ “туушиндаад” сольчихмоор байгаа байх. Гэхдээ тэгж болохгүй. Тэгвэл Б.Энхбаярын шүүх болно. Би өөрөө улстөрч хүн. Ямар ч тохиолдолд олонх болсон эрх баригч нам, дарга нь, улстөрч нь шүүх эрх мэдлийг өөрийн дур зоргоор, тааллаар, халдаг, сольдог байдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Суурь зарчим нь тийм. Шүүгч зайлуулагдаж байгаа бол мэдлэггүй, ур чадваргүй, авлигачин гэдэг нь нотлогдож байж албажих ёстой. Бусад тохиолдолд энэ эрх мэдэл ямагт нэр хүндтэй байх ёстой. Үүнд улстөрчид ч оролцож болохгүй. УИХ-ын гишүүд нөлөөлөх ёсгүй. Шүүхийн хуулийг баталснаас хойш түүгээр явж байгаа нэг ч хэрэг дээр байр сууриа илэрхийлээгүй шалтгаан энэ. Шууд түдгэлзэж байгаа.

-Яагаад?

-Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангахын тулд улстөрчдийн өөрсдийнх нь манлайлал чухал. Оролцож, нөлөөлж, чиглэл өгдөг байдлаа болих ёстой. Энэхүү итгэлийг шүүгчид ч даах ёстой. Даахгүй, өөрсдөө авлигажаад, үнэхээр дийлдэхээ болиод эхэлвэл ард түмний төлөөллийн дуу хоолой, дээд байгууллага хүчээр оролцдог. Тэгэхдээ зэрлэгээр, хуулиас гадуур оролцож эхэлдэг. Энэ нь дахиад нөлөөлөл болдог. Аль алинд нь ард түмнийхээ итгэл, хайрыг дааж улс төр нь ч, шүүх нь ч орших ёстой. Иргэдийн итгэлийг сэргээхийн тулд шүүх нээлттэй, шийдвэр ойлгомжтой, үндэслэлтэй байх ёстой. Гагцхүү хуульд захирагдах учиртай. Энэ нь өөрөө шүүхийн хамгаалалт болно. Шүүх бол ард түмэнд, улстөрчдөд таалагддаг популист байгууллага биш. Тэгж байж шударга ёсны дэнслэгч байх дархлаагаа хамгаалж явдаг. Шийдвэр нь ойлгомжтой байвал хүссэн, хүсээгүй хүрээлнэ.

-Жишээ нь, хүний эрхийн талаасаа эрх баригч нам иргэдийн дуу хоолойг хааж, боомиллоо. Шүүхээр ял ногдуулах нь гаарлаа гэсэн хардлага газар авлаа?

-Манай нам шүүхэд, шүүгчид чиглэл өгөөд хорьж, цагдаад байгаа юм шиг юм хаяа явж байгаа нь үнэн. Иргэн Д.Монголхүүг нөлөөнд орсон гээд байгаа шүүх нь сулласан биз дээ. Тэр чинь л шүүхийн өөрийнх нь дархлаа.

-Дархлаатай байгаа нь нэг асуудал. Гол нь, тэр, энэ Ерөнхийлөгчийн томилгоотой шүүгч нар гэж ярьж байгаа нь шүүхийн шийдвэр шударга ёсонд нийцэж байна уу? гэсэн эргэлзээ төрүүлдэг. Улстөрчид, УИХ-ын гишүүд нь ч энэ талаар нээлттэй ярьдаг?

-Шүүхийн хуулийг батлахаас өмнө хамгийн их “зэрлэгтсэн” хүний нэг нь би. Яагаад гэхээр энэ институц нь өөрийг хамгаалах, хуучнаараа байх гээд зөрчил үүсгэсэн. Нэлээд “зэрлэгтэж”, хүч түрж, шүүгч нарыг ч хатуу хэлж, улс төр дэх лоббигоо боль гэдгийг ил тод зарласан. Чанга хатуу аргаар л хуулийнхаа ард гарсан. Хуулийг баталсны дараа ч хэлж байсан. Энэхүү шинэтгэлийн сайн үр нөлөө нь 10-15 жилийн дараа гарна гэж. Хүмүүс хэлдэг л юм. Юун 10-15 жил гээд. Үгүй байхгүй юу. Шинэ реформыг шинэ хүмүүс л амилуулна. Шинээр гарсан хуулийн үзэл санаанууд Хуулийн сургуулийн нэгдүгээр курсын оюутанд хичээл болно заагдана. Шинэ үзэл санаагаар оюун тархиа цэнэглэсэн оюутан 10 жилийн дараа шүүгч болно. Тэгж байж реформ явна, хүнээрээ дамжиж амилна.

Одоо ажиллаж байгаа шүүгч нарыг хуучирсан гэж үгүйсгэж байгаа юм биш. Угаасаа ямар ч том шинэчлэл тийм байдаг, тэгж явдаг. Аль ч үед шинэ юмыг хүлээн зөвшөөрдөггүй үзэл санаа байдаг л юм. Өнөөдрийг хүртэл Шүүхийн хуультай холбогдуулж олон хүн Цэцэд хандаж байна. Яваад л байна. Шинээр хэрэгжүүлсэн шүүхийн реформыг Үндсэн хуулийн цэцийн түвшинд нураалгачихгүй, эвдүүлэхгүйхэн шиг суурь зарчмаа бариад аваад явж байна. Энэ хууль тогтвортойгоор таван жил мөрдөгдөхөд үр дүнгээ өгч эхэлнэ. Шууд үр нөлөө нь ч бий. Наад зах нь хуучин шиг шүүгчид нөлөөлдөг, чиглэл өгдөг байдлыг халсан. Дээд шүүхэд нөлөөлнө гэдэг хэцүү болсон.

-Шүүхэд нөлөөлөхөд хэцүү болсон гэдэг нь хууль тогтоогч гишүүний байр суурь уу? эсвэл хуулийн төслөө “хамгаалсан” Ажлын хэсгийн ахлагчийн үг үү?

-Хуулийн хүрээнд хувь хүмүүст төвлөрсөн эрх мэдлийг задалсан. Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч зэргээр. Нэг хүнд, даргад маш их эрх мэдэл өгснийг тараасан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороо гээд. Ганцхан жилийн хугацаанд Сахилгын хороо яаж амь орж байна. Сүүлийн 10 жилийн турш нийт шүүгчид ногдуулсантай тэнцэхүйц сахилгын арга хэмжээг авсан байгаа юм. Хариуцлагын механизм ажиллаад эхэлсэн гэсэн үг. Энэ хэрээр шүүгчид хуучин шигээ байж болохгүй шүү гэдэг рүүгээ орсон. Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайд, Хуулийн сайд хоёрыг Цэцэд өгөх асуудлаар хуралдсан нь дуулиан боллоо. Энэ нэгийг хэлээд байгаа биз. Шүүгч нарт нөлөөлөөд байгаа улс төрийн нөлөөллийг хэлж, ярьж чаддаг болсон байна. Тийм ч муу мессеж биш шүү. Сайн талаар нь харвал Ерөнхий сайд, Хуулийн сайдад ч хөндлөнгөөс оролцож байгааг нь хэлдэг, тэднээс хамааралгүй институцийг бий болгочихсон байна. Тийм болохоор хуралдаж чадаж байна. Ганцхан жилийн хугацаанд ийм дотоод ардчилалтай болсны сайн дохио явж байна.

Улсын Дээд шүүхээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн хүмүүсийг хараарай. Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар гээд хууль зүйн салбарт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, зам мөр нь тэгш, ухаад юм гарахгүй, академик эрх чөлөөтэй, докторууд Үндсэн хуулийн манаанд очлоо. Өмнө нь яадаг байлаа?

-Заавал хуулийн хүн байх албагүй. Мэргэшсэн улстөрч байж болно гээд нэр дэвшүүлээд томилж байсан тохиолдол ч гарсан?

-Хууль ч юм уу?, улстөрч ч юм уу гэмээр намын даргын нөхөр очдог байсан. Нөлөөлөл байгаад байсан учраас. Өөрөөр хэлбэл, улстөрчид нь системдээ нөлөөлдөг. Одоо тийм биш болсон. Цэцийн гишүүнийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж, нууц санал хураалтаар нэр дэвшүүлнэ гэдэг өгүүлбэр бичсэн юм. Ганц өгүүлбэр ид шид яаж амилж байна. Бүгдээрээ нууцаар санал хураахад даргын, чадваргүй, намын томилгоотой нөхөд бүгдээрээ бүдэрнэ. Нууц санал хураалт учраас яах ч аргагүй, хамгийн гайгүй, нэр цэвэр нь гарч ирнэ. Түүнийг нь хуульд шигтгэсэн. Гэтэл хүмүүс үр дүн нь хаана байгаа юм гэдэг. Нарийн яривал хууль хэдийнэ амилаад эхэлсэн. Одоо энэхүү тогтолцоогоо хамгаалж, манах ёстой.

Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа хийсэн шүүхийн реформ бүгдээрээ Цэц дээр очоод будаа болсон, яваагүй. Мань хүн өөрийгөө маш их зольсон. Нөгөө талаар сургамж. Үүн шиг реформоо унагахгүй байхын тулд манах ёстой. Тав, арван жил тогтвортой мөрдүүлчихвэл дараагийн үе нь аваад явна. Шүүхийн хуультай холбоотой Цэцийн маргаанд дандаа өөрөө очиж байгаа. Унагахгүй байх талаас нь хүртэл яаж ярих ам хэлээ хүртэл боддог. Нөгөө хэдийгээ “морг” гэж хэлээд дургүйг нь хүргэчихвэл хэцүү. Цэцийн гишүүд гэдэг чинь хууль зүйн үндэслэл биш хувийн харьцаагаар бүхэл бүтэн томоохон реформыг нураах эрх мэдэлтэй хүмүүс байхгүй юу. Түүгээрээ гай болдог.

No description available.

-Үндсэн хуулийн манаач хийж байгаа хүмүүс хувийн харьцаагаар томоохон реформд хандана гэдэг нь өөрөө байж болох асуудал мөн үү?

-“Чи биднийг тэгдэг хэн бэ?, пацаанаа. Чамайг байранд нь тавина аа” гээд л нөгөө реформыг нь байранд тавьдаг л юм. Тийм юмаар зөндөө орж байсан учраас хэлж байгаа юм. Хүн тэгээд алдаан дээрээ суралцаад явах ёстой юм. Би бол улс төрд орж ирсэн шигээ гараад л явна. Гэхдээ хамгийн том өв нь анх орж ирэхдээ ярьж, зорьж байсан бодлогынхоо ард нь гарах. Хугацаа чинь өөрөө маш хурдан, үнэтэй бас богино. Түүндээ амжуулж хийсэн ажлын үр шим нь 10 магадгүй 20 жилийн дараа гарах үр дүн чухал. Хараарай, бидний хийсэн шинэтгэл 10 жилийн дараа бол үнэлэгдэнэ. 20 жилийн дараа бүр магтуулна. Одоо бол ойлгогдохгүй. Ийм үнэт реформуудыг мэдээж эвдүүлэхгүй, бусниулахгүйгээр дараагийн үлдээх нь хамгийн том зорилго. Тийм учраас олон юманд хэлээ хазаад байж байна.

-Шүүхээр хэлэлцэж байгаа хэрэгт хууль тогтоогчийн хувиар байр суурь илэрхийлэхгүй байгаа нь нэг талаар зөв жишиг. Гэхдээ Засгийн газар нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцэл шүүх дээр очоод гацаанд ордог нь зөвтгөх шалтгаан биш?

-Дан ганц шүүхээс болоод байгаа юм биш. Мөрдөх байгууллага, прокурорын шатанд шүүхийг нуман тулгуурт оруулдаг ов зальд бүр дадсан байна. Нэгдүгээрт, хэргийг урьдчилж хэвлэлээр гаргаж сенсаацладаг. Манайх маш сайн ажиллаад хэргийг илрүүллээ. Том мөнгө хураалаа. Олон хүн шоронд хорилоо. Үүнийгээ шүүхэд шилжүүллээ гэдэг. Шүүхийг шахаад байна. Яг хуулиа бариад үзэхээр алдаатай, нотлох баримт дутуу, хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн юм уу? мэдэхгүй. Өмгөөлөгчийн эрхийг нь хангаагүй, дутуу шалгасан зэрэг хэргийг шүүх рүү явуулаад өөрсдийг нь сонин байдалд оруулаад байгаа юм. Нөгөөхийг нь цагаатгах гэхээр хулгайчийг суллаж явуулах гээд байгаа юм шиг. Аль эрт хулгайчаар нь нийгэмд зарлачихсан байдаг. Алх цохиод цааш нь явуулъя гэхээр тэр нь нотлогдоогүй. Баримт байхгүй. Ийм зүйлээр хүнийг явуулах гээд байдаг нуман тулгуурт шүүхийг оруулдаг юманд дадчихаад байна.

Прокурорын хяналт, ялангуяа нууц мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой эрх зүйн орчныг яаралтай цогцоор нь шинэчилж байж шүүх байгууллагын тогтолцоог бүтнээр ярина. Нийт шалгагдаж байгаа хэргийн 10 хувь нь шүүхэд очдог. 90 хувь нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болж цагаатдаг. Шударга ёсны системийн тухай яръя гэвэл ганцхан шүүхийн тухай ярих нь өрөөсгөл. Шүүх бол зөвхөн өөрсдөд нь ирсэн хавтаст хэрэг, нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргадаг. Түүнийг цуглуулах, шүүхэд ирэх хүртэлх процесс прокурорын шатных. Энэ үе шатыг эрүүлжүүлж, бүтэн хууль ёсных болгож байж сая шударга ёсны системтэй болно. Юм болгон дээр хэлж, ярьж, нэлээд амбийцлаж байгаа сэдэв бол энэ.

Хүний эрхийн үндэсний комиссын тайлан, илтгэлийг дагасан дөрвөн хуудас том тогтоол гарсан. Хоёр бүлэг нь халдашгүй чөлөөт байх эрхийн баталгааг хангахтай холбоотой. Хэрэг мөрдөн шалгах хуулийн байгууллагын процесстой холбогдуулж Засгийн газарт чиглэл өгсөн. Эдгээр ажлууд явж л байна.

-Энэ хүрээнд Прокурорын дэргэдэх мөрдөнг сэргээх асуудал хөндөгдөх үү?

-Ярих амархан. Нэг алба байгуулчихвал эрүүл болно гэдэг. Үгүй шүү. Бүтэц биш процесст анхаарах ёстой. Шалгадаг, баримт цуглуулж байгаа үйл явц нь шударга, хүний эрхийг дээдлэх ёстой. Тэнд “Хонгил” үүсгэх боломжгүй, хянагддаг процесс байх ёстой. Алдаа гаргаад хүнийг эрүүдэн шүүсэн бол прокурор яах юм. Шүүх рүү шилжүүлтэл нотлох баримт хангалтгүй гэж буцаах, хэрэгсэхгүй болговол прокурор ямар хариуцлага хүлээх юм. Эдгээр механизм хангалттай биежээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа нууц байх асуудлыг ч нэг тийш болгомоор байгаа юм.

-Одоо бол гүйцэтгэх ажиллагааг нээлттэй явуулах бараг жишиг болчихлоо шүү дээ?

-“Намайг хэн хэлэх юм” гэдэг шиг л аль, аль нь даам гарч байна. Нууц мөрдөн шалгах ажиллагааг Төр хийж байгаа. Төрийн хүчээр тусгай эрх бүхий хүмүүс хийж байгаа ажил. Төрийн бэлтгэгдсэн хүч оролцоотойгоор авагдсан хувь хүний халдашгүй, нууц мэдээллийг хэвлэлээр гаргаж, шантаажлаад мөнгөө буюу ашгаа хувааж аваад байгаа юм биш биз. Энэ бол Төрийн хуульчлагдсан рекет болж хувирлаа. Сайн зүйл лав биш. Хуулиар улам нарийвчилж, процессжуулах ажил хүлээгдэж байна.

-Үндэсний мөрдөх албатай болох чиглэл рүү явна гэж Хуулийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Төсөл нь бэлэн болсон, өргөн барих цаг хугацаагаа харзнаад байгаа юм билээ?

-Сонгууль дөхчихсөн үед том хэмжээний реформ явахад түвэгтэй. Хууль тогтоогчид олноороо буюу 10-аараа хулгайч гэж цоллогдоод шалгагдаж байгаа үед хэрэг шалгахтай холбоотой процессын хууль гарахад улс төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал нь алга. Парламентын дархлаа унасан. Олон хүн хулгайчаар цоллогдсон учраас. Хуулийн процессыг илүү нарийвчлах гэхээр өөрөө хулгайч, шалгагдаж байж гээд ярина. Нүүр царай маань хиртэй байна. Үүнийг ч Хуулийн сайд мэдэрч байгаа байлгүй.

-УИХ-ын гишүүний тоог 108-аас хэтрүүлж болохгүй-

-Парламентын дархлаа унасан гэснээс нүүрсний хулгай гэсэн сэдэв тойрсон үйл явцыг хэрхэн харж байгаа вэ? Засгийн газар нь шүгэл үлээсэн ч эцэстээ Ардын Нам тал руугаа олсны үзүүр явж таарах гээд байгаа?

-Цаг хугацаа нь Ардын Нам олонхи болсон үетэй таардаг. 2016 оноос хойшхи асуудал учраас манай намын улстөрчид болон томилсон хүмүүстэй холбогдож байгаа юм. Гэхдээ ийм асуудал байгааг УИХ-д орж ирсэн цагаасаа ярьсан шүү. Цахим сүлжээнд байгаа архивыг ухах юм бол 2020 оны наймдугаар сараас эхэлж ярьсан. Төрийн өмчийн компаниуд, тэр дундаа “Эрдэнэс Тавантолгой”-д асуудал үүссэнийг хэлсэн. Хулгай луйвар дийлдэхээ больсныг ярьж, цэгцлэх асуудлыг өөрөө санаачилж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт томъёолуулж оруулсан. Одоо хуулийнх нь Ажлын хэсгийг ахлаад явж байна. Ц.Нямдорж сайдыг “Хөгжлийн саад” гэж цоллосон нь хуулийн төслийг дараад байсан учраас хэлсэн юм.

Хүнтэй зодолдохоос илүү шалтгаантай нь үзэх хэрэгтэй. Хууль тогтоогчийн ажил тийм. Шалтгааныг нь мэдэж байсан. Төрийн данхар бүтцэд байна. Компанийнх нь эрх зүйн орчноор дамжуулж шийдэх хэрэгтэй. Засгийн газраас УИХ-д оруулж ирэх, ирсэн хойно нь парламентад улс төрийн манлайлал үзүүлэх бүх ажилд санаачилгатай ажиллаж байна. Энэ ондоо багтааж Төрийн өмчийн болон Төрийн өмчийн компанийн эрх зүйн орчны тухай төслийг УИХ-аар батлуулна. Цогц реформ хийнэ. Мэдээж хөнгөн хандахгүй. Судалгааны эмхэтгэл гаргаад гишүүдэд тарааж байна. Манай Ажлын хэсгийн Дэд хэсэг нь гэхэд 50 хүнтэй. Ийм олон хүнтэй Ажлын хэсэг байхгүй.

-Төр өөрөө цомхон бүтцээр ажиллах, хариуцлагатай болох нь олон нийтэд таалагдана. Харин улстөрчид, танай намынхан хүлээн зөвшөөрөх юм уу?

-Зөвшөөрөхгүй яах вэ? Надад нэг зарчим байдаг юм. Аливаа асуудлаар эхлээд өөртөө дүгнэлт хийх дадалд суралцсан. Болж өгөхгүй байгаа бол би дутуу ажилласан байнаа л гэсэн үг. Ойлгуулах ажлаа сайн хийгээгүй бол эсэргүүцэлтэй тулна. Тэгчихээд “Чи юу ч хийсэнгүй” гээд чичилж болохгүй. Тиймээс олон талын хэлэлцүүлэг хийх ёстой. Бүх түвшинд ойлгуулах тухай юм.

-Ойлгуулах нэг хэрэг. Гэхдээ бидний яриад байдаг “цүнх баригч”-д буюу өнөөх том даргын томилгоотой хүмүүсээ яах вэ? гэдэг нь л…?

-Иймэрхүү том хэмжээний реформыг одоо цаг дээр тавьж хийвэл явахгүй. Дандаа ирээдүй цаг дээр тавьж хийдэг. 10, 20 жилийн дараах мөрөөдөлд тулгуурлана. Мөрөөдөлгүй улстөрч гэж байхгүй. Жишээ нь, би өөрөө мөрөөдөмтгий хүн. Тэгж байж цаашаа явна. Одоо байгаагаа ярихаар нэг хүн харагдана. Тэр намагтаа живнэ.

Дэлхийн хамгийн их хөгжсөн, байгалийн баялгаа тэгш хүртээдэг, дундаж давхрагатай, ардчилсан орны загвар нь тогтолцоондоо л байдаг. Түүнийг судалж, үзэж байж ойлгоно. Хууль нь ч илүү урт насална. Батыг Доржоор сольж, өөрийн хүнийг тавих богино зайн санаархлаар бичвэл яг л тэр зайндаа насална.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ганцхан заалттай төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр УИХ-ын гишүүд иргэдийн саналыг авахаар тойрогтоо ажиллаж эхэллээ. Төсөлд 76 мажоритар, 76 пропорциональ бүхий нийт 152 гишүүнтэй болох агуулга тусгасан нь хүссэн, эс хүссэн ч маргааны сэдэв болж байна. Таны хувьд төслийг хэрхэн харж байна вэ? Ерөнхий сайдын зүгээс тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж явсан нь ийнхүү цаасан дээр бууж эхэллээ?

-Хэлэлцэх нь зүйтэй. Тогтолцооны өөрчлөлт тойрсон асуудал шинээр ярьж буй зүйл биш. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үед яригдаж байсан асуудал. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцооны тухай ярьж л байсан.

-Бүр 2015 оноос яригдаж байсан даа?

-Тийм ээ. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 108 гишүүнтэй байх ёстой гэсэн санал гаргасан нь хэлэлцэгдэж л байсан. Өнөөгийн парламент арай давжаа юу? гэвэл давжаа. Гэхдээ 152 гишүүн арай сэрүүдэх байх аа. Арай л харгиа сонсогдоно. Сонгогчид ч хүлээн зөвшөөрөхгүй байна лээ. Энэ бол ард түмний бүтээл. Хэрвээ парламентын гишүүн хэт олон болбол цөөн дарга нар л засаглаж эхэлнэ. Жишээ нь, 150 гаруй гишүүнтэй боллоо гэхэд намын дарга, Бүлгийн дарга хоёр л засаглана. Нэг хүний жин нөлөө буурна. Ажил хэрэгч бус байдал зонхилно. Поп улстөрчдийн тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, илүү энтертэйнмент тал руугаа болно. Харин хэт цөөн байхаар нэг хүний шийдвэр гаргах жин нөлөө их буюу эрх мэдэлтэй байгаад байна. Ийм учраас тендер авна.

Хөгжлийн банкнаас зээл авахад үзүүлэх нөлөө нь бяртай байгаа юм. Илүү авлигач байна. Хөгжлийн банкны тайлан гарсан, нийт 7.5 их наяд төгрөгийн зээлийн 20 хувь нь улс төрд нөлөө бүхий этгээдийн авсан зээл. Таван зээл тутмын нэг нь улстөрчдийнх. Улстөрчид авлигажих бяр нь ихдээд байна гэсэн үг. Тэгэхээр тоог нь нэмэхээр хяналт сайжирна. Шийдвэр гаргахад бөөгнөрсөн эрх мэдлийг задална. Дарга хэв шинжтэй болсныг төлөөлөгч болгох сайн талтай. Уг нь УИХ-ын гишүүн гэдэг ямар ч дарга биш байхгүй юу. Зүгээр төлөөлөгч. Тэр хэв шинж рүү нь болгох гэж байна. Үзэл санааны хувьд дэмжиж байна гэсэн үг. Харин хувь УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын гишүүний тоог 108-аас хэтрүүлж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэхүү итгэл үнэмшил дээр хатуу зогсоно.

-Өргөн барихдаа дээд хязгаарыг 152 гэж зааснаас биш хэлэлцүүлгийн шатанд бууруулах магадлал нь өндөр байх?

-Эцсийн дүндээ нэг хүн шийдэхгүй. Иргэдийн байр суурийг сонсоно. Дараа олуулаа хэлэлцэж шийдвэр гарна. Зөвшилцөл гэдэг амар процесс биш. Гэр бүлийн хоёр хүнсээ авах гэж овоо юм болдог биз дээ. Хүүхдээ хүмүүжүүлэх гэж хоорондоо үздэг биз дээ. Үүн шиг далан хэдэн хүнээс дундын шийдвэр гаргана гэдэг хэцүү. Тийм учраас энэ асуудлыг яриад 10 гаруй жил болчихсон л байхгүй юу. Бүгд мэдээд байгаа мөртлөө процесс нь хэцүү.

-50:50 гэсэн харьцааны тухайд?

-Ард түмнээс сонгогдож байгаа буюу шууд мажоритар нь илүү олонхи байх ёстой. Манай улсын онцлог нь тийм. Ер нь парламент дөрвөн юмны төлөөлөл байдаг. Газар нутгийн, хүн амын, сонирхлын бүлгийн буюу нас, хүйс, ястан үндэстэн, ажил мэргэжил зэрэг, бодлогын, гэдэг нь намын. Энэхүү баланс маш чухал. Зөвхөн хүн амын төлөөллөөр байх ёстой гэвэл 76 гишүүний 38 нь Улаанбаатараас сонгогдох ёстой. Тэгвэл хөдөө яах юм? Орон нутгийн төлөөлөлгүй парламент бүрдвэл яах юм. Тэгэхээр газар нутгийн төлөөлөл нь давамгай байх ёстой. Пропорциональ хувь тэнцүүлсэн тогтолцоо нь намын бодлогын, хүн амын, сонирхлын бүлгийн төлөөллийг парламентад харьцангуй жигд оруулж ирдэг. Гэхдээ манай тухайд газар нутгийн төлөөлөл байх факторыг багасгаж огт болохүй.

Тэгэхээр 108 гишүүнтэй байлаа гэж бодоход харьцаа нь 70:30 байх ёстой. 76-гаас доошгүй нь мажоритароор ард түмэн шууд сонгох учиртай. Өөрөөр хэлбэл, одоогийн 76 төлөөллийг бууруулж болохгүй. Хувь тэнцүүлсэн тогтолцоо нь 30 хувьтай байхад дээр хэлсэнчлэн дуу хоолой нь гарч өгөхгүй байгаа нь ороод ирнэ. Зүй зохистой балансыг тааруулах нь чухал. Миний 2016 онд бичиж байсан нийтлэл бий. “Хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөлтэй парламент л хүчтэй байна” гэж. Сая хэлсэн санааг нийтлэлд дурдсан. Одоо ч тэрхүү үзэл санаандаа хэвээрээ байна.

-Парламент нь бүхэлдээ ард түмний төлөөлөл гэж явдаг ч хот, хөдөөгийн гишүүд гэсэн хандлага яваад байдаг шүү дээ?

-Аргагүй шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь л хотоос сонгогдож байна. Төсвийн бүх бодлого хуваарилалт нь тэгж явна. Гуравны хоёр гэдэг чинь кнопоороо л шийднэ. Бүгдээрээ шахуу хөдөө руу явна. Гэтэл хот нь өөрөө мянган асуудлын буглаа болоод дэлбэрлээ. Газар алга. Ногоон зүлэг алга. Явган зам алга. Нийтийн тээвэр алга. Түгжрэл бүр ярилтгүй. Авто паркаа шинэчлээгүй 15 жил болчихсон. Автобуснууд нь ашиглалтын хугацаа нь хэтрээд таван жил явчихсан, зам дээр явж байгаад шатаж байна.

Хөдөө, орон нутгаас сонгогдсон гишүүдэд энэ нь сонин биш. Шинэ автобус авах нь санаа тавих асуудал биш. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд тулдаа л хотын асуудалд онцгой анхаарч, улс төрийн манлайлал үзүүлж байна. Яг үнэндээ парламент дээр кнопоороо үзвэл яагаад ч барахгүй, явахгүй шүү дээ.

-Миний хувьд дарга хийх нь сонин биш-

-Ерөнхий сайд гэснээс Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хамаарал бүхий этгээд тендерт оролцохгүй, зээл авахгүй, тэтгэлэгт хамрагдахыг хориглох төслийг УИХ-д өргөн барилаа. Дотор нь ажиллаж байгаа хүний хувьд Ерөнхий сайдын төслийг хүлээж авах парламентын уур амьсгал ямар байх юм. Зээл аваагүй, тэтгэлэгт хамрагдаагүй, компани нь тендерт шалгараагүй улстөрч гэж ер нь байна уу?

-Манай залуу Ерөнхий сайд анх хэлсэн байдаг шүү дээ. “Хулгайтай тэмцэнэ гэвэл өөрсөдтэйгөө тэмцэх юм байна” гээд. Энэ үнэн л дээ. Хүний нэг онцлог байдаг юм шиг байна лээ. Нас өтлөх тусмаа буруу зүйлтэй эвлэрэх, түүнийг хүлээн зөвшөөрдөг. Хувь заяатайгаа эвлэрэх магадлалтай гэсэн үг. Зүгээр эм уугаад эдгэрэхээргүй болчихсон, хүнд хэлбэрийн хагалгаа хийж байж эрүүлжих хэмжээнд хүрсэн, авлигажсан тогтолцоог хурц, хүчтэй улс төрийн зоригоор шийднэ. Тэр утгаараа Ерөнхий сайдын тэмцэлд дэмжлэг үзүүлэх нь миний үүрэг. МАН-ын нэг гишүүн, хуульч хүний хувьд Ерөнхий сайд, намын даргын улс төрийн манлайллыг дэмжиж ажиллах тухайгаа жил гаруйн өмнө мэдэгдсэн шүү дээ.

Ерөнхий сайд гал, ус барих тусмаа дотроо олон дайсны тоо нэмнэ. Энэ үед нь дэмжлэг үзүүлэхгүй бол ганцаардах юм байна. Зориг нь мохох вий?, түүнийг нь унтраах, бүр бүтэлгүйтээсэй гэсэн хүмүүс ч байгаа. Тэдгээр нь эрх мэдэлтэй. Тэр нь бага биш. Үүнийг мэдэж байгаа учраас Ерөнхий сайдын зоригийг мохоох аливаа санаархлын эсрэг зогсох болно.

-Таны хувьд Хууль зүйн байнгын хороог даргалж байна. Албан тушаалынхаа эрэмбээр УИХ-ын даргын багтдаг. Чуулганаар ямар төсөл хэлэлцэх дарааллыг тогтоохоос эхлээд ёстой нөгөө хуудуутай, хуймгаа асуудал оруулж эсэхийг шийддэг. Магадгүй “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэж хэлсэн Таны амлалт эндээс эхэлж байна уу…? Байнгын хорооны дарга болсон нь Танд амлалтаа биелүүлэх давуу тал үүсгэсэн байж болох талтай?

-Бусдаасаа илүү эрх дарх эдлээд байгаа зүйл байхгүй ээ. Угаасаа Байнгын хорооны дарга болоогүй байхдаа ч дуугүй байдаггүй л байсан. Магадгүй Байнгын хорооны дарга болсон нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өнөөх эрх чөлөөнд чөдөр болж байж мэднэ шүү. Яагаад гэхээр хуралдааны даргалж байж өөрөө яриад байх нь зохимжгүй. Байнгын хорооны гишүүдийн байр суурийг төлөөлөх хэмжээнд шилжиж байгаа учраас би ингэж бодож байна гэдэг нь чухал биш. Байнгын хороо, бид ингэж бодож байгаа тухай байр суурь ярина. Дарга болоод юу өөрчлөгдсөн юм. Арай том өрөөнд суудаг болсон байж магадгүй. Үүдэндээ туслах нь суудаг болсон байх. Албаны унаа унаж байна. Өөрчлөгдсөн юм нь тэр.

-Микрофоноор чөлөөтэй ярина, бусад гишүүнийхийг таслах эрх нь Танд бас бий. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хуралдааны уур амьсгалыг чиглүүлж таарна. УИХ-аас удирдлагыг нь томилдог хууль, хүчний байгууллагын удирдлагыг дуудаж тайлан, мэдээлэл сонсох эрхтэй?

-Чиглүүлэх ч юу байх вэ?. Мэдээж Байнгын хорооны дарга гэдэг хариуцлагатай нь хариуцлагтай. Гэхдээ хариуцлага гэдэг ганцхан ам хэлээр гарахгүй. Үйлдлээр гарна. Гэхдээ миний хувьд дарга хийх нь сонин биш. Дэд сайд ч хийж үзлээ. Надад одоо танилцах аялал хийх сонирхол алга. Сонгуульд нэр дэвшихдээ ч хэлж байсан даа, “Танилцах аялал хийх гэж нэр дэвшээгүй ээ” гэж. Байнгын хорооны дарга болсон ч харьяа байгууллагууд нь юу хийдэг, яадаг нь тухай танилцах шаардлагагүй. Зовлон, жаргалын гүн рүү нь орохгүй гэсэндээ биш. Газар дээр нь очиж танилцах шаардлага бий юу гэвэл бий. Тэр нь үе шаттай явна. Саяхан цайны цагаараа Шүүхийн Сахилгын хороотой очоод танилцаж байгаа юм. Хэвлэл дагуулаад явах шаардлагагүй.

-Нууц биш бол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан ямар уур амьсгалтай болдог юм?

-Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарч байгаа, УИХ-д өргөн барьсан, хууль тогтоолын шийдвэрээс алийг нь энэ долоо хоногт, алийг нь дараа хоногт хэлэлцэх үү? гэдэг дээр даргын дуу хоолой “өндөр” гарна. Тэр нь бусад гишүүдээс давуу эрх байж магадгүй. Гэхдээ зөвхөн дангаараа, ганцаараа шийдээд байхгүй. Ер нь Байнгын хорооны дарга гэдэг дарга биш. Хуралдаан даргалагч, дэг сахиулагч. Ямар асуудал оруулж, хэлэлцүүлмээр байгаа тухайгаа гишүүдээс санал тавина. Тэрийг нь шууд оруулчихдаг юм. Лав дарга болсноосоо хойш ямар нэгэн хуулийн төслийг дарж үзсэнгүй.

-Өргөн барьсан төслийг нь хэлэлцдэггүй, хойшлуулдаг. Эсвэл бүр хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаггүй зовлонг Та өөрөө ч туулсан болохоор ингэж асуусан юм?

-Өөрийнхөө санаачилсан хуулийн төслийг даргынхаа эрх мэдлийг ашиглаад хэлэлцэх асуудлын дараалалд оруулж болно. Уначихвал яах юм? Гишүүд бол гишүүд. Нэг бодлогыг авч гарахын тулд ард талд нь маш их хөдөлмөр, ажиллагаа явдаг. Ойлгуулах, таниулахаас эхлээд. Хүн харахад энгийн байж болох ч их түвэгтэй процесс. Гишүүн болгоны зан характер, үнэт зүйл, ажлын туршлага нь өөр. Бүгдээрээ атмаанууд байхгүй юу. Хэн ч нь хэнийхээ дээр гарахгүй, бас орохгүй. Ардаа ард түмэнтэй, мандат авсан төлөөлөгчид. Муудаж байгаа чинь хүртэл ажил шүү дээ. Ойлголцож л байвал хэвийн зүйл.

-Хулгайч байх нь хамаагүй, Төрийн тэргүүнд хүндэтгэлтэй хандана-

-Хөгжлийн банкны асуудлаар Түр хорооноос хийсэн сонсголын талаарх асуултаар энэхүү ярилцлагаа дуусгая. Ямар ч байсан татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүй, зориулалт бусаар зарцуулж ирсэн асуудлыг парламент нь өөрөө манлайлаад олон нийтэд нээлттэй байдлаар сонсгол зохион байгуулсан нь агуулга талаасаа зөв жишиг тогтоолоо?

-Энд гурван зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Нээлттэй сонсгол явуулахад улс төрийн манлайлал чухал байсан. Тэр дотроо энэ асуудал 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд бий болсон асуудал. Парламентад хяналтын бүтэц зайлшгүй шаардлагатай байна гэдгээр Г.Занданшатар дарга манлайлж ажилласан. Энэ өөрөө чухал байсан. УИХ-ын Хяналт шалгалтын хууль гарсан. Түүнийг санаачилж, “эх барьсан” нь одоогийн парламент. Ажлын хэсгийн ахлагч нь Ж.Сүхбаатар гишүүн.

Хоёрдугаарт, хяналт шалгалтын ажлыг гардаж хийсэн хянан шалгах шинжээчдийн ур чадвар, чин сэтгэл, зориг зүрх чухал байсан. Баярлалаа гэж хэлмээр байгаа юм. Төрийн мэргэшсэн жирийн албан хаагчид. Цаг наргүй ажилалсан. Нэг сая цаасан баримт ухсан. Ар гэр, нялх хүүхдүүдээ орхисон. Олон дарамт ирж байсан. Цаашдаа миний амь, амьдрал яах бол гэж байсан. Царай зүсээ харуулмааргүй байна зэргээр асар дарамтад байсан хүмүүс. Гэхдээ ард нь гарсан, багаараа. Хамтын үр дүн. Энэ бол зүрх сэтгэл байхгүй юу.

Түр хороог анх байгуулсны дараа хэлж байсан юм. Мэдлэг ур чадвар нь хангалттай байна. Гэхдээ хамгийн эхлээд “Зүрх байна уу” гэж асуусан. Зүрх байгаа хүнтэй л юм ярина. Байхгүй бол ярихгүй гэсэн. Надад бол байна. Чуулганы нэгдсэн хуралдааны танхимд ч хэлж байсан. “Би айхгүй байна” гэж. Тийм л хүнтэй хамтарч ажиллана гэсэн.

Гуравдугаарт, олон нийт буюу ард түмэн. Яг юунд найдаж, юунаас эрх хүч авсан юм гэхээр сонгогчид маань байсан. Сонгогчдын өгсөн саналын дүнг баталгаажуулсан зургийг Төрийн сүлднийхээ хажууд хоймортой өлгөчихсөн байгаа биз дээ. Энийг харж хүч авна. Чиний хамгийн дээд эзэн чинь чиний сонгогч. Өөр юу ч байхгүй. Сонсголын дундуур намайг, биднийг чиглэсэн сайлах, муулах, гүтгүүлж, гүрдүүлэх нь падлий байсангүй. Учир нь, төгсгөлөө л харж байлаа.

Түр хорооны даргаар томилогдохдоо яг юу руу орж байгаагаа мэдэж байсан юм. Ухамсарлаж орсон гэсэн үг. Ямар хэмжээний бөмбөг тэсрэх үү? ямар хэмжээний асуудал үүсэх үү? ямар хэмжээний дайсантай болох уу?, ямар олон хүн харааж, ерөөх үү? гэдгийг ухамсарлаад орсон. Тоохоосоо тоохгүй явсаар ард нь гарсан.

Анхных учраас анзаарагдсан нэг юм маш их цаг хугацаа, хөрөнгө, зориг шаардсан ажил юм байна. Зүгээр нэг Ажлын хэсэг биш юм байна. Бүтэн жил ажилласан. Гэхдээ үнэхээр шандас шаардсан. Сүүлдээ хүний тархи биеийг сордог юм билээ. Өөрөө түүнийгээ мэдэрнэ. Тийм их энерги шавхаж, сорж байгаа нь өөрт мэдрэгдсэн.

-Сонсголын явцад хүн бүр дээр ялгамжтай хандаад байна гэсэн шүүмжлэл давхар явсан. Б.Энхбаяр гэдэг нөхөр жижиг зээлдэгчид бяраа гаргаад, томынх нь урдаас юу хэлж чадахгүй дуусгалаа зэргээр…? Ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцсон Сонсголын үеэр ийм хандлага нь илүү тодорсон байж мэдэх юм?

-Өнгөрсөн хойно юм ярих нь ч хаашаа юм. Гэхдээ дандаа хүн шүүнэ гэж юу байх вэ? Заримдаа сул харагдаж болно. Түүнийг нь “Болж энэ муу, өөрөө алуулж байна” гэсэн зарим хүний таашаалыг хангах хэрэгтэй шдээ. Тийм биз. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр ахын хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас Сонсголын үеэр түргэн дуудаж, авч явсан байдаг юм. Түүнээс Сонсгол дуусаагүй байсан, лав надад гурван “тэсрэх бөмбөг” байлаа. Тэр нь гараагүй, гаргаагүй. Бие нь муудсан учраас яриагүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөр. Ерөнхийлөгч байсан хүн гэдгээр нь хүндэтгэлтэй хандсан шүү дээ. Хулгайч байх нь хамаагүй, Төрийн тэргүүнд хүндэтгэлтэй хандана. Доошоо орсон юм бол байхгүй. Яг нарийн анзаарсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий байдлыг харсан бол мань хүнтэй холбоотой нотлох баримтад юу дурдав гэдгийг анзаарах ёстой байсан юм. Уг нь маш эвгүй баримтууд гаргасан шдээ. Хамаарал бүхий байдлаараа Монголын номер нэг оффшорчин гэдгийг нь зарлачихсан шүү дээ. Өмнө нь ил болоогүй бүх хамаарлыг нь гаргасан. Яг үнэндээ Монголын номер нэг оффшорчин л юм байна лээ шдээ. Өөрөө хамгийн их оффшор ярьсан хүн биз.

-Тэнд дурдагдаж байгаа баримтын агуулга гэхээсээ хувь хүн нь юу ярьж байгаад олон нийт анхаарал хандуулсан болохоор анзаараагүй байх?

-Мань хүний бүтэн схемийг задалсныг анзаараагүй. Тэрийг хэн гаргаж байсан юм. Бүгдээрээ айгаад явдаг биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *