Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг гурав хоногоор сунгалаа
Тарваган тахал өвчний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тандалт судалгаа, хяналт шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн чиглэл, саналын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл 3 хоног үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Шуурхай штабаас Арбулаг, Галт, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын Засаг дарга нартай цахим хурал хийлээ.
Цахим хурлаар Аймгийн Онцгой комиссын 17-р хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж, Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг хориглосон хугацааг 3 хоногоор буюу 9 дүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл сунгасан.
Сумдын Шуурхай штабын бэлэн байдлыг хангуулах, Захирамжуудын хэрэгжилтийг хангах, Хяналтын постуудын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах тул шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, харгалзан үзэх 3 шалтгааныг үндэслэн хөдөлгөөн үйлдүүлэх, 24 цагаар холбоо барих боломжтой байх, мэдээ мэдээллийг баталгаатай эх сурвалжаас нэгдсэн 1 сувгаар иргэдэд хүргэх тал дээр онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өглөө.

