Б.Үнэнбат: “Mobilife” амьдралын даатгалын салбарт шинэ жишиг тогтооно
Мобиком Корпораци даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж, “Mobilife – Амьдралын даатгал” үйлчилгээг хэрэглэгчдэдээ үе шаттайгаар санал болгохоор бэлэн боллоо. Энэхүү үйлчилгээ нь зөвхөн хувь хүн төдийгүй бүх Монголчуудын санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, өрх бүрд амар тайван амьдралын баталгааг авчрах зорилготой.
Ингээд бид Мобиком группийн Стратегийн асуудал хариуцсан дэд захирал Б.Үнэнбаттай ярилцлаа.
-Амьдралын даатгал гэж юу вэ, энэ санаа хэрхэн төрсөн бэ?
– Мобиком групп байгуулагдсан цагаасаа эхлэн хэрэглэгчдэдээ зөвхөн харилцаа холбоо бус, амьдралд нь үнэ цэн, гэрэл гэгээ нэмсэн нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг санал болгож ирсэн. Энэ удаад ч бид хэрэглэгч болон тэдний гэр бүлд зориулсан амьдралын даатгалын үйлчилгээг “Connectlife Даатгал” компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Даатгал гэдэг нь иргэн, байгууллага өөрт учирч болох санхүүгийн эрсдэл, алдагдлыг урьдчилан хамгаалах зорилгоор тодорхой төлбөр (даатгалын хураамж) төлж, эрсдэл тохиолдсон үед даатгалын компаниас нөхөн төлбөр авах харилцааг хэлдэг. Ерөнхийдөө даатгал гурван төрөлтэй. Үүнд: богино хугацааны буюу ердийн даатгал (эд хөрөнгө, автомашин), урт хугацааны буюу амьдралын даатгал (амь нас, эрүүл мэнд), мөн давхар даатгал багтдаг.
Эдгээрээс амьдралын даатгалын салбар нь манай компанийн бүтээгдэхүүн, хэрэглэгчдийн хэрэгцээнд хамгийн сайн нийцнэ гэж үзэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд төслийн ажлаа эхлүүлсэн.

-“Mobilife”-ийг эхлүүлэхээс өмнө хийсэн судалгаанаас ямар дүгнэлт гарсан бэ?
-Монголд урт хугацааны амьдралын даатгалын ойлголт төдийлөн түгээмэл биш байна. Тиймээс бид энэ зах зээлийг хөгжүүлэх, иргэдийн даатгалын талаарх ойлголт, дадлыг төлөвшүүлэх замаар Монголын санхүүгийн зах зээлд бодит хувь нэмэр оруулахаар зорьж байна.
Өмнө дурдсанчлан, уламжлалт үзэл бодол давамгайлсан нөхцөлд амьдралын даатгал хөгжихөд хүндрэлтэй байдаг. Гэвч эрсдлүүд тасралтгүй нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бид хорт хавдрын өвчлөлийн эрсдлийг хэрэглэгчдэдээ ойлгуулах, санхүүгийн хамгаалалттай байх нь ухамсартай, зөв сонголт гэдгийг түгээх зорилгоор бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байна.
Хорт хавдрын тухайд Монгол Улс уг өвчнөөр өвчлөх эрсдлээрээ дэлхийд тэргүүлдэг. 2024 оны байдлаар 8,169 хүн оношлогдсон бөгөөд энэ тоо өсөх хандлагатай. Энэ өвчин зөвхөн эмчилгээний зардлаар хязгаарлагдахгүй, өрхийн өдөр тутмын санхүүгийн дарамт болон сэтгэлзүйн томоохон ачааллыг авчирдаг.
Тиймээс бид эхний ээлжид дараа болон хосолсон төлбөрт 18-54 насны нэг сая орчим хэрэглэгчдэдээ 1-4 сая төгрөгийн хамгаалалт бүхий хорт хавдрын даатгалыг бэлэг болгон олгож байна.
Энэхүү бэлгийн зорилго нь өвчтэй иргэн болон гэр бүлд нь санхүүгийн дарамтыг хөнгөлөхөөс гадна нийгэмд энэ өвчлөлийн хор уршгийг ойлгуулах, мөн санхүүгийн боловсрол олгоход чиглэж байгаа.
-Энэ бүхнийг дижитал хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж байна. Монголд дижитал даатгалын эрэлт ямар байна вэ?
-Харилцаа холбооны үсрэнгүй хөгжил, улс даяар өргөн нэвтэрсэн интернетийн үйлчилгээ, хүн амын дийлэнх нь идэвхтэй цахим хэрэглэгч болсон нь Монголчуудын дижитал хэрэглээний дадлыг илтгэнэ.
Энэ давуу тал дээр тулгуурлан бид “Mobilife”-ийг Мобиком болон Монпей аппликэйшнээр дамжуулан санал болгож байна. Даатгалын хураамжийг дугаарын төлбөр дээрээ нэмж төлөх боломжтой тул хэрэглэгчид хамгийн хялбар, шуурхай, төвөггүйгээр үйлчилгээ авах нөхцөл бүрдсэн.

-Бусад улсын амьдралын даатгалын сайн туршлагаас юуг онцлох вэ?
-Дэлхий даяар банк, даатгал, хөрөнгийн зах зээл харьцангуй жигд хөгжсөн. Харин Монголд банкны салбар харьцангуй сайн хөгжсөн бол хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд ахицтай байна. Энэ нөхцөлд даатгалын салбарыг хөгжүүлэх нь эдийн засагт илүү өргөн сонголт, хэрэглэгчдэд хүртээмжтэй санхүүгийн шинэ боломжуудыг бий болгоно.
– Монголын даатгалын зах зээлд ямар шинэчлэл авчирна гэж үзэж байна вэ?
-2017–2018 онд бид мессеж дээр суурилсан бичил зээлийн үйлчилгээг Мобифинансаар дамжуулан нэвтрүүлж, банк бус санхүүгийн салбарын хэрэглэгчдийн тоог нэг улиралд 10 дахин өсгөж байсан. Энэ туршлага дижитал санхүүгийн үйлчилгээ Монголд хамгийн өргөн тархах үндэс болсон.
Үүнтэй адил “Mobilife”-ийг нэвтрүүлснээр бид өргөн хүрээнд хүртээмжтэй амьдралын даатгалын үйлчилгээг богино хугацаанд олон мянган хэрэглэгчид хүргэнэ гэж итгэж байна.
Өмнө дурдсан бэлэг болгож буй бүтээгдэхүүнээрээ бид нийтдээ 2 их наяд төгрөгийн хамгаалалтыг Монголын иргэдэд олгохоор байгаа нь зөвхөн хэрэглэгчдэдээ төдийгүй Монголчуудын сайн сайхан байдлыг дэмжих томоохон алхам гэж харж байна.
– Ярилцсанд баярлалаа.
“Mobilife” даатгалын үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.